Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnMN
UEE reference

UEE reference

7577 9498

“БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ” ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ecm.mnOctober 19, 2018

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв хамтран “Бага боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслийн хүрээнд бага боловсролын үнэлгээний арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын мэдлэг чадварыг бодитой үнэлэх системийг бүрдүүлэх арга замыг тодорхойлох юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “ Дэлхийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр бага ангийн хүүхдүүдийн сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлж байгаа энэ төслийн гол агуулга нь хүүхдийн үнэлгээнд чиглэгдэнэ мөн багшийн арга зүйг сайжруулах юм. Өнөөдөр багш цалин багатай, ачаалал ихтэй ажиллаж байгаа тохиолдолд багшийн аргазүйг сайжруулснаар багшийн ажил хөнгөвчлөгдөх бодит боломж бүрдэнэ. 2019 оны хичээлийн жилийг Боловсролын яамнаас суралцагч нэг бүрийн сурлагын чанарын ахицыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд бид эхний ээлжид бага анги цаашлаад дунд, ахлах ангийн хүүхдүүдийг үнэлэх үнэлгээний зөв системд шилжих ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.

“Бага боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх” төсөл хэрэгжсэнээр өөр хоорондоо уялдаатай олон сайн үр дүнгүүд боловсролын хөрсөнд сууна гэж төслийн багийнхан үзэж байна.  Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “ Сургалтын чанарыг сайжруулах тал дээр хийгдэж байгаа бодит ажлуудын нэг нь бол энэхүү төсөл юм. Чанарыг илэрхийлэх гол зүйл бол даалгавар байдаг. Даалгавраа бид зөв боловсруулж байж сургалтын чанар зөвөөр илэрч гарч ирнэ. Тэгэхээр энэ аргазүйд бага ангийн багш нарыг суралцуулах нь энэ төслийн нэг хэсэг юм. Нөгөө талаас бид боловсруулсан даалгаврыг нээлттэй байлгах тал дээр анхаарч байна. Нээлттэй даалгаврын санг бий болгосноор багш нар маань хүссэн үедээ өөрийн хүссэн шалгалтаа зохион байгуулах боломжтой болох юм. Үүний үр дүнд багшийн ажлын ачаалал бодитоор буурна. Жишээлбэл багш өөрөө тухайн бүлэг, сэдвийн дагуу даалгавар зохиоход цаг хугацаа зарцуулахгүйгээр бэлэн даалгаврын санг ашиглах боломжтой. Дараагийн нэг ажил нь бид шалгалт, судалгааныхаа үр дүнг эргэх холбоо үүсгэх байдлаар програм хангамжийн системд оруулж өгнө. Ингэснээр танай хүүхэд юуг чадаад, юуг чадахгүй байна вэ гэдгийг бодит харах боломж нь бүрдэх юм. Энэ бүгдийг хийснээр сургалтын чанар сайжрах боломжтой.” гэж хэллээ.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Бага боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолд Дэлхийн банк, БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвийн төлөөллүүд оролцсон юм.