Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 80 мянган хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага эзэмшсэн байдлыг тогтоож, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох судалгааг энэ хичээлийн жилээс эхлүүлээд байна.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Дэлхийн банкны “Бага боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааны арга зүй”-н сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар /хэлтэс/-ийн сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж үндэсний сургагч багшаар бэлтгэгдлээ.
Сургалтаар мэргэжилтнүүд 6 настай хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварыг илрүүлэх дасгал, даалгаврын хувилбартай танилцаж, үнэлгээний программ дээр ажиллах чадварыг эзэмшин цаашид багш нарт судалгаа хийх явцад зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд энэ хичээлийн жилд 325 сургуулийн 24 мянган сурагч хамрагдана. Судалгаа зохион байгуулах нэгдүгээр ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалтыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулна.