“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II зөвлөгөөн Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна. Бүсчилсэн хэлбэрээр орон нутагт зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөн салбар хуралдаанаар үргэлжилж байгаа юм. “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, хамгаалал, төлөвшлийн бодлогын чиглэл”, “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, гарц, шийдлийн тухай багш нар хэлэлцэж буй.
Сайн багшаас сайн шавь төрөх төдийгүй багш бол сургалтын чанарын цөм гэдгийг тэд онцолж байна. Түүнчлэн улсын хэмжээнд сургалтын нэгдсэн хөтөлбөртэй болох, үнэлгээний системийг шинэлэг, ойлгомжтой болгох, хичээлийн тоог цөөрүүлэх, багш бэлтгэж буй их, дээд сургуулиудад бодлогоор анхаарах зэрэг салбарын хэмжээнд тулгамдаад буй нэн даруй засч, залруулах шаардлагатай асуудлыг хөндөн ярилцаж байна.
Улсын хэмжээнд салбарынхныг хамруулж, багш нараа сонсч, зөвлөгөөнөөс гарсан санал, дүгнэлтийг хууль эрх зүйн орчны шинэчлэлд тусгахаараа энэ удаагийн зөвлөгөөн онцгой ач холбогдолтой.