Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж буй “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалт Булган аймагт 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Сургалт зохион байгуулахаас гадна дараах үндсэн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Үүнд:
“Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалт
“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” сургалт, зөвлөн туслах ажил
ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт сэдвээр зөвлөгөө, мэдээлэл
ЭЕШ-ын урьдчилсан сорилго зохион байгуулах ажлууд байлаа.
1) “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18 сургуулийн нийт 86 математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүд хамрагдлаа. Сургалт нь лекц болон дадлага ажил гэсэн холимог хэлбэрээр зохион байгуулагдлаа. Нийт 3 хоногийн хугацаанд үр дүнд суурилсан үнэлгээ, блупринт боловсруулах нь, даалгаварт хөтөлбөрийн агуулга талаас хэрхэн шинжилгээ хийх, эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур, хариултын хувилбар боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаар багш нарт сургалтыг зохион байгуулсан.
2) Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт -зөвлөн туслах ажил нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдалтай танилцаж, зөвлөн туслах, эрчимжүүлэх, багш нарын сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх арга барилыг сайжруулж үнэлгээний чанарт ахиц гаргах, нэгдсэн чиглэл өгөх, шинэлэг мэдээллээр хангах, зорилготой байсан бөгөөд 27 цэцэрлэгийн 79 багш, арга зүйч, эрхлэгч нар хамрагдсан. Үүнээс 17 нь эрхлэгч, 10 арга зүйч байна. Сургалт-зөвлөн туслах үйл ажиллагаа нь багш нарын сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх арга барилыг сайжруулж үнэлгээний чанарт ахиц гаргах, нэгдсэн чиглэл өгөх, шинэлэг мэдээллээр хангах, зорилготой байв. Сургалтаар орон нутгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, цэцэрлэгийн үзэл баримтлал болон сургалтын хөтөлбөр боловсруулсан байдал, хүүхэд бүрийн үнэлгээний баримтжуулалттай танилцан зөвлөн тусалж, тэдгээрийг цаашид сайжруулах арга зам, хүүхэд нэг бүрийг оношлох, хүүхдийн гарааны болон ахицын үнэлгээний локал програмыг ашиглах, хүүхдийн үнэлгээний мэдээллийг анги тус бүрийн болон цэцэрлэгийн хэмжээнд нэгтгэн дүгнэх, улсын дунджийг тогтоох судалгааны ач холбогдол болон түүний ашиглалтын талаар үндсэн мэдээлэл өглөө. Сургалтыг лекц, дадлага ажлыг хослуулах байдлаар явуулав. Сургалтад хамрагдсан багш, эрхлэгч, арга зүйч нар сургалт явуулсанд нэн талархалтай байсан бөгөөд их зүйлсийг сонсож мэдсэн, хийж сурснаа илэрхийлж байлаа. Цаашид багш нар бичиг цаасны ажилд түлхүү анхаарахаас илүүтэй өдөр тутмын үйл ажиллагаагаа бэлтгэл сайтай чанартай явуулах, явуулсан үйл ажиллагаанудынхаа үр дүнд дүгнэлт сайн хийж, улам сайжруулж байх, элдэв самбар, наасан зүйлсээс илүүтэй хүүхэд бүр бие даан гүйцэтгэх боломжтой тоглоом, дасгал даалгаврын хэрэглэгдэхүүн бэлтгэж, тэдгээрийг ашиглах аргачлалыг боловсруулан хүүхдийн гарт өгөх, хүүхдийн хөгжлийн баримжуулалт болох хүүхэд тус бүрийн Хувийн хавтсын бүрдүүлэлт, Чөлөөт ажиглалтын тэмдэглэлийг бодитой хийж, улам сайжруулахад анхаарах шаардлагатай. Цэцэрлэгүүд болон багш нарын ололт, амжилт, цаашид анхаарч сайжруулах зүйлсийг фото зургаар баримтжуулан сургалтын явцад ашигласан нь багш нар сургалтын агуулгыг бүрэн ойлгох, багш нар эргэлзэж байсан зүйлсдээ цэгцтэй, нэг мөр ойлголт авахад ихээхэн ач холбогдолтой байлаа.
3) ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт сэдвээр аймгийн төвийн ерөнхий боловсролын 3 сургуулийн 12 дугаар ангид суралцаж буй нийт 300 суралцагчдад Элсэлтийн ерөнхий шалгалт, түүний бүтэц, зохион байгуулалт, анхаарах зүйлс болон хичээлт сонголт – мэргэжил сонголтын хоорондын хамаарал, ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
4) ЭЕШ-ын урьдчилсан сорилгыг математик, монгол хэл, англи хэл гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийт 292 суралцагч хамрагдсан. Тус сорилго шалгалтын үр дүнг аймгийн хэмжээнд авч үзлээ.
Шалгалтын нэр |
Шалгуулагчдын тоо |
Анхны онооны дундаж |
Математик |
99 |
21.5 |
Монгол хэл |
103 |
44.0 |
Англи хэл |
90 |
28.8 |
Шалгалтын үр дүнгээс харахад Булган аймгийн математикийн сорилго шалгалтад хамрагдсан шалгуулагчдын анхны онооны дундаж 21.5, монгол хэлний шалгалтын дундаж 44.0, англи хэлний дундаж 28.8-той гарсан байна. Сорилго шалгалт зохион байгуулахын давуу тал нь 12 дугаар ангид суралцаж буй суралцагч өөрийн гарааны үнэлгээг мэдэж авснаар цаашид өөрийгөө бэлтгэх, шалгалтаа амжилттай өгөх зэрэгт үнэтэй ач холбогдолтой юм.