Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалтаар сургууль тус бүр давтлага өгч их дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцлөөр хангахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгасан бөгөөд давтлагыг УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаад анги танхимд 10-аас хэтрэхгүй сурагч, сургуулийн хэмжээнд 40-50 хүртэл сурагч байхаар тооцож ажиллахыг үүрэг болгов. Үүний дагуу БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 220 дугаар тушаалаар нийслэлийн боловсролын газар болон аймгийн боловсрол соёл урлагийн газрууд, Ерөнхий боловсролын сургуулиудын чиг үүргүүдийг тодорхойлсон албан ёсны зааврыг баталлаа. Ингэснээр Улсын хэмжээнд 596 сургуулийн Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй 12 дугаар ангийн сурагчид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг эцэг эхийн саналын дагуу зөвхөн сургуулийн орчинд сурагчдын хүсэлтээр сайн дурын үндсэн дээр давтлага хичээлд хамрагдана.
2020 онд 31 мянга орчим шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Нэг шалгуулагч дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор 3 хичээлийн давтлагад суух боломжтой.
Нэг ангид суудал хоорондын зай 1,5 метр байх ба 10-15 сурагч давтлага хичээлд хамрагдан халдвар хамгаалал, эрүүл ахуйн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зааврыг баримтлан хичээллэх юм. Сурагчид зөвхөн хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авна. Мөн сурагчдын орох гарах урсгал зэргийг тооцоолон зохион байгуулсан зураглалыг боловсруулан ажиллаж байна.
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын давтлага хичээлийн хуваарь боловсруулах зөвлөмжийг бүх сургуулиудад хүргүүллээ. Уг зөвлөмжид хичээлийн хуваарийг хэрхэн боловсруулах, 1 удаагийн хичээлийн ачаалал, үргэлжлэх хугацааг хэрхэн тооцохыг зааж өгсөн байна.