ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ БУЮУ ЯВЦЫН ҮНЭЛГЭЭ
( Бага боловсролын Монгол хэлний хичээлийн жишээн дээр)
Д.Ганболд. МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхим
Ganbold_taij@yahoo.com
Abstract:
This speech gives ideas that formative assessment is one of the important method to support learning activities and it is efficient to base on facts and real information, take into account students psychological features, advise and help them when we organize formative assessment
Хураангуй:
Энэхүү өгүүлэлд явцын үнэлгээ нь сурах үйл ажиллагааг дэмжих чухал аргын нэг болохыг өгүүлж, явцын үнэлгээг зохион байгуулахдаа бодот мэдээлэлд тулгуурлан, тухайн сурагчийн сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэж зөвлөн туслах нь илүү үр дүнтэй гэсэн санааг дэвшүүлэв.
Түлхүүр үг: үнэлгээний шинэчлэл, явцын үнэлгээ, feedback, мэдээлэл, зөвлөгөө, сэтгэлзүйн онцлог
Онолын үндэслэл:
Явцын үнэлгээг Английн судлаач Пол Блек ( Paul Black ) “Хар хайрцаг ” ( Inside the Blaxk Box ) –ны онолыг үндэслэн тайлбарласан бөгөөд бид сургалтын орц, ( боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, тест гэх мэт ) гарц (хэрхэн суралцсан, ямар үр дүн үзүүлсэн) дээр илүү анхаардаг боловч танхимд юу болж байгааг судлахгүй байна[1] гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.
Хүснэгт 1
Орц (суралцагч, багш, нөөц хэрэглэгдэхүүн, удирдлага, хууль дүрэм, өндөр оноо авах хүсэл, тест) |
Хар хайрцаг (танхим дахь үйл ажиллагаа) |
Гарц (суралцагчдын гаргасан амжилт, тестийн үр дүн, сэтгэл санааны таатай байдал, сэтгэл санааны тавгүй байдал) |
Багшийн үйл ажиллагаа нь суралцагчдын сурах үйлдээ хандах хандлагыг нь төлөвшүүж, зорилго зорилтоо ухамсартай тодорхойлж, хэрэгжүүлэх арга технологио боловсруулж, хэрэглэх зүйлсээ оновчтой сонгоход туслан, алдаа гарахаас сэргийлж, алдааг цаг алдалгүй засаж, үнэлж сайжруулахад оршдог.[2]
“Монголын нууц товчоо” зохиолд Алангуа эх таван хөвүүнээ хэрхэн сургасан тухай домог байдаг. Энэ домогт Алунгуа эх хөвүүдээ эв түнжингүй байгааг мэдээд тэдэнд “Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлдэхгүй болно” гэж сургасан байдаг. Энэ нь Алангуа эх хөвүүдээ хоорондоо эв найрамдалгүй байгааг мэдээд тэдэнд өгсөн хариу мэдээлэл буюу зөвлөгөө юм. Нэг ёсондоо Алангуа эхийн сургаал нь хөвүүдийг сайн муу гэж үнэлж байгаа хэрэг бус тэднийг цаашид эв найрамдалтай амьдрахад нь дэмжлэг, чиглүүлэг болж байна. Өөрөөр хэлбэл энэ домгийн үзэл санаа нь явцын үнэлгээ сурагчийн суралцахуйг дэмжинэ гэсэн одоогийн зарчимтай тохирч байна.
Боловсролын стандарт, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн олон улсын болон үндэсний хэмжээний судалгаануудын үр дүн, тайлангаас харахад боловсролын түвшин бүрд сурлагын амжилт хангалтгүй түвшинд үнэлэгдэж байгаа нь боловсролын стандарт, хөтөлбөр, үнэлгээний стандартын тогтолцоог бодлогын хүрээнд шинэчлэх хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна.
Үнэлгээ нь сургалтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болдог учир түүний хөгжил нь боловсролын шинэчлэлийн чухал асуудлын нэг юм. Монгол улсын хэмжээнд боловсролын шинэчлэл амжилттай явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд бага боловсролын сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэн хэрэгжиж байна.
Бага боловсролын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд явцын үнэлгээ чухал үүрэгтэй. Учир нь явцын үнэлгээ суралцагчийн суралцахуйг дэмжих, багшийн арга зүйг хөгжүүлэх, хөтөлбөрийг сайжруулах боломжийг бүрдүүлдэг.
Судалгааны таамаглал:
ЕБС-ийн 11-р анги төгсөгчдийн Монгол хэл, Уран зохиолын хичээлийн жилийн эцсийн шалгалтын үнэлгээгээр төгсөгчдийн 75-80% нь 80-аас дээш үнэлгээ авсан байдаг. Энэ үнэлгээ хэр бодотой вэ?
БШУЯ-аас улс орон даяар зохион байгуулдаг ЭЕШ-ын гүйцэтгэлийн болон онооны дундажийг хүйсээр харьцуулсан дүн:
( Монгол хэл, уран зохиол )
№ | хүйс | Шалгуулагчдын тоо |
Гүйцэтгэлийн дундаж |
Хэмжээст онооны дундаж | |||
2011 | 2012 | 2011 | 2012 | 2011 | 2012 | ||
1 | эрэгтэй | 5960 | 6500 | 41,98 | 47,9 | 466,63 | 477 |
2 | эмэгтэй | 11633 | 12074 | 49,47 | 52,8 | 517,19 | 511 |
Дээрх мэдээллийн үр дүнг ЕБС-ийн сургалтад хэрэглэж байгаа стандарт үнэлгээнд шилжүүлэн тооцвол: стандарт хэрэгжилт-29,3%, боловсролын чанар-1,43% байна.[3]
Энэхүү үнэлгээний хэт зөрөөтэй байдал нь Монгол улсын боловсролын байгууллагууд үнэлгээний нэгдсэн тогтолцоонд шилжээгүйг харуулж байгаа бөгөөд боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно”[4] гэж тодорхойлжээ.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр БШУЯ-аас улс орон даяар “Боловсролын чанарын шинэчлэл” –ийг өрнүүлж байна. Монгол Улсын БШУ-ны сайд Л.Гантөмөр “ Монгол улсын боловсролын салбар 90 жилийн хугацаанд арвин их туршлага хуримтлуулан хөгжиж ирсэн түүхтэй. Одоо бид дэлхийд өрсөлдөх чанартай боловсролыг иргэддээ олгох зорилго тавин ажиллаж байна” гэж шинэчлэлийн бодлогоо тодорхойлжээ.
Дэлхийд өрсөлдөх чанартай боловсролын эхлэлийн цэг нь бага боловсрол юм. Бага насны он жилүүдэд сургууль, багшид итгэж, найдсан хүүхдүүд “БИ МУНДАГ ХҮҮХЭД БОЛНО”, “ЯАГААД ГЭСЭН ОЛОН АСУУЛТЫН ХАРИУГ ОЛЬЁ” гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн 9-р сарын нэгэнд сургуулийн алтан босгыг алхдаг…
Гэвч хүүхэд бүрийн хүсэл, тэмүүлэл биелэх боломжгүй байдгийг тэдний бяцхан зүрх сэтгэл догдлон байж хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл тэдний өмнө өөрсдийг нь ойлгох завгүй СУРГУУЛЬ, БАГШ НАР “зогсож” байдаг. Эндээс Монголын боловсролын дэлхийд өрсөлдөх чадваргүй иргэдийг бэлтгэх ажил эхэлсэн байж ч болно…
Учир нь хүүхдийн сурах хүсэл тэмүүллийг ҮНЭЛГЭЭ, ДҮН гэдэг нүдэнд үл үзэгдэх “дайсан” мохоодог байж болох…
Судалгаа:
Дээрх таамаглалын хүрээнд “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” БШУЯ, JICA-ийн төслийн багийн гишүүдтэй хамтран судалгааны арга зүй боловсруулж, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нарын Монгол хэлний хичээл дээр сууж, багш, сурагчдаа хэрхэн үнэлж буйг ажиглан судалж байна.
Судалгаанд хамрагдсан багш нар сурагчдыг идэвхжүүлэх зорилгоор явцын үнэлгээг хийж байсан бөгөөд тэдний хийж буй явцын үнэлгээг хэд, хэдэн хэсгүүдэд хувааж болохоор байв.
- Ямар нэг дүрсээр үнэлэх
- Үгээр үнэлэх
- Зөвлөж үнэлэх гэсэн аргыг хэрэглэж байсан.
- Ямар нэг дүрсээр үнэлэх
Хичээлд сурагчдыг идэвхжүүлэх зорилгоор нийт багш нарын 68% нь үнэлгээний аргыг хэрэглэсэн байна. Тухайлбал: “Алимны модонд жимс ургуулъя”
Арга зүйн дараалал:
- Багш сурагчдыг 4-5 бүлэгт хуваана.
- Сурагчид багшийн өгсөн ямар нэг даалгаврыг гүйцэтгэнэ.
- Даалгаврыг зөв гүйцэтгэсэн тохиолдолд алимны дүрсийг модонд тогтооно.
- Хичээлийн төгсгөлд аль олон алимаар модоо чимсэн баг түрүүлнэ.
Явцын үнэлгээний энэ хэлбэр нь сурагчдыг хичээлд идэвхжүүлэх сайн талтай боловч, өрсөлдөх, уралдах сэтгэлгээг бий болгоод зогсохгүй, цөөхөн алим авсан багийн сурагчдын урмыг хугалах сөрөг нөлөө байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл энэ хэлбэр нь сурагчдын хувьд feedback болж хараахан чадахгүй байна. Энэ үнэлгээ нь багшийн асуулт, даалгаварт хэдэн сурагч зөв хариулсан бэ? гэдэгт хариу өгч байгаа болохоос бус сурагчдыг алдаагаа олж харах, өөрийгөө үнэлэх арга болж хараахан чадахгүй байна.
- Үгээр үнэлэх
Хичээлийн туршид бүх багш нар, сурагчдын үйл ажиллагааг дэмжиж, үгээр урамшуулж байв. (98%) Багш бүр “сайн байна, өө сайн байна, өө зүйтэй, баяр хүргэе!, манай … ёстой мундаг хүүхэд…” гэх мэт үгээр урамшуулж байв. Үгээр урамшуулах нь үр дүнтэй арга боловч хүүхэд бүр ижил үнэлгээ авах сонирхолгүй байдаг. Английн судалгааны байгууллагаас зохион байгуулсан судалгаагаар маш сонирхолтой үр дүн гарсан байна. Судалгаанд хамрагдсан сурагчид маш сайн байна, маш сайн байна гэж бүгдийг адилхан үнэлэх нь тэдэнд таалагддаггүй гэж 100% хариулсан байжээ.
- Зөвлөж үнэлэх
Зөвлөсөн, чиглүүлсэн үнэлгээг нийт багш нарын 18,3% нь өгсөн байна. Тухайлбал: Хүүхдийн хариултыг дэмжиж, зөв бүтэцтэй болгож хэлэх (Болд аймаар гоё янзага олж харсан, Сайн байна. Болд, хөөрхөн янзагатай тааралджээ), дөхүүлсөн асуулт асуух гэх мэт.
Боловсролын чанарын асуудал нь үнэлгээтэй салшгүй холбоотой бөгөөд сурагчдын сурах хүсэл тэмүүллийг бадрааж, сурах үйл ажиллагаанд нь идэвхжүүлэхийн тулд бага ангийн 1-5-р ангид явцын үнэлгээг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах нь боловсролын чанарт эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Үүний тулд явцын үнэлгээг хэрхэн зохион байгуулах арга зүйг боловсруулж, багш нарт түгээн дэлгэрүүлэх нь үнэлгээний тулгамдсан асуудал болоод байна.
Энэхүү бичил судалгаа нь явцын үнэлгээнд тулгарч байгаа олон асуудлыг шийдэх эцсийн хариу биш ч гэсэн санаа авч цаашид бид хамтран ажиллах ёстойг харуулж байгаа нэг үзүүлэлт юм.
“Боловсролын үнэлгээ” сэтгүүл (Black and William 1998)-д Английн боловсролын үнэлгээнд гарч ирсэн бэрхшээлүүдийг доорх байдлаар дурдсан байна
- Жишиг даалгаврыг боловсруулахдаа хамтран ажиллах боломжийг бүх шатанд бүрдүүлж чадаагүй
- Багш нарын боловсруулсан тест нь өнгөц, бүтээлч биш, чадварыг бус мэдлэгийг илрүүлэхэд чиглэгдсэн
- Сурагчдын шалгалтад үзүүлсэн амжилтын тоо хэмжээг чухалчлахаас бус, суралцахуйн чанарыг тооцож үздэггүй
- Дүн тавих , үнэлэх үйл ажиллагааг онцолж, зөвлөх, туслах үйл ажиллагаанд анхаарал бага хандуулдаг
- Нэг сурагчийг нөгөөтэй харьцуулах хандлага нь хувь хүний хөгжлөөс илүү, өрсөлдөөнийг бий болгодог
- Үнэлгээний хариу үйлдэл нь сурлага сул сурагчдын урам зоригийг мохоож тэдэнд би сурах чадваргүй гэж итгүүлдэг
- Багш нарын сурагчдад үзүүлэх хариу үйлдэл нь сурах үйл ажиллагааны үнэ цэнэ нь нийгмийн болон удирдлагын үйл ажиллагаанд үйлчилж байх шиг санагддаг
- Багш нар сурагчдын хөндлөнгийн шалгалтын дүнг таамаглах боломжтой байдаг. Яагаад гэвэл хөндлөнгийн шалгалт нь багшийн тестийг хуулбарладаг. Гэвч тэд сурагчдын сурах хэрэгцээний талаар дэндүү бага мэдлэгтэй байдаг.
- Багш нарын сурагчдад үзүүлэх хариу үйлдэл нь сурах үйл ажиллагааны үнэ цэнэ нь нийгмийн болон удирдлагын үйл ажиллагаанд үйлчилж байх шиг санагддаг
- Хувийн хэрэгт тавигдах дүн нь сурах хэрэгцээг харуулах, сурах үйл ажиллагаанд нь задлан шинжилгээ хийх гэдгээс илүү тухайн сурагчийг сайн муу гэж үнэлж дүгнэсэн шинжтэй байдаг. Цаашилбал зарим багш нар өмнө нь хичээл орж байсан багшийн үнэлгээг тэр бүр анхаардаггүй.
Дээрх бэрхшээлүүд Монголын бага боловсролд ч тулгарч байгаа асуудлууд мөн бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэж, сурах-сургах үйлийг сэтгэн бодохуйд сургах үйл болгоход явцын үнэлгээ чухал үүрэгтэй гэж үзэж байна.
Сэтгэн бодохуйд сургахдаа асуултыг зөв оновчтой тавих чадварыг хөгжүүлэхээс эхлэх хэрэгтэй. Мэдлэг аргаараа шийдэж үл болох асуудал, зорилтыг томьёолох, асуудал дэвшүүлэхээс шинжлэх ухаан ямагт эхэлж байсан, одоо ч эхэлсээр байна. Шинжлэх ухааны босгыг алхаж буй хэн боловч анхны алхмыг үүнээс эхлэх учиртай.[5] гэж Оросын эрдэмтэн Э.В. Ильенков бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн асуудлыг шийдэх орчиныг бүрдүүлж байх нь багшийн гол үүрэг болж байна. Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалт нь сэтгэн бодохуйд сургах гол үйл ажиллагаа бөгөөд чадварт суурилсан сургалтыг зохион байгуулахад явцын үнэлгээ чухал үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл багшийн асуулт нь сурагчдын өмнөх төсөөллийг илрүүлэх явцын үнэлгээний нэг арга бөгөөд энэ нь асуултын хариуг хэн сайн мэдэж байна, хэн нь мэдэхгүй байна гэж үнэлж байгаа хэрэг биш юм. Энэ нь мэдлэг бүтээх үйлийг удирдахад сурагчид яг одоо ямар түвшинд байна гэдэг мэдээллийг багшид өгч байгаа юм. Явцын үнэлгээ нь сурагчдад ямар дэмжлэг хэрэгтэй байна, би багшлах арга зүйгээ хэрхэн сайжруулах вэ гэсэн мэдээллийг багшид өгч байдаг сургалтын нэг хэсэг гэдгийг ойлгох нь бидний өмнө тулгараад байна.
Явцын үнэлгээг боловсронгуй болгох санал:
- Сурагчид юуг чадаж байна?, Юуг чадахгүй байна? гэсэн асуултад хариу өгөх мэдээллийг олж авахын тулд мэдээлэл цуглуулах
- Мэдээлэлдээ үндэслэн хүүхэд бүрт тохирсон зөвлөгөөг өгөх. Үүний тулд хүүхэд бүрийн мэдлэг, чадвар ямар түвшинд байгааг судлах. Өдөр тутмын явцын үнэлгээг зохион байгуулахдаа тухайн сурагчдын сурах үйлийн талаарх мэдээллийг цуглуулж, сурагч бүрт тохирсон feedback болж чадахуйц үнэлгээг өгөхөөр мэдээллийг цуглуулах
- Хүүхэд нэг бүрийн онцлогт тохирсон дэмжих асуултыг төлөвлөж сурах
- Тухайн сурагчид зөвлөмжид суурилсан үнэлгээг өгөхдөө хүүхэд бүрийн сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэх
Дүгнэлт:
- Явцын үнэлгээ буюу зөвлөмжид суурилсан үнэлгээний шинэ арга зүйг боловсруулж, Монголын бага боловсролын багш нарт түгээн дэлгэрүүлэх
- Явцын үнэлгээг зохион байгууллахын тулд хүүхэд бүрийг судалж, ажиглалт, тэмдэглэл хөтөлж, тухай сурагчийн талаар мэдээлэлтэй болох
- Явцын үнэлгээ нь сурагчдын сурах үйлийг дэмждэг нэг арга мөн тул хооронд нь уралдуулах, өрсөлдүүлдэг, сөргүүлдэг үнэлгээний аргаас аль болох татгалзах
Ном зүй
- МУБИС-ийн “Оюуны хөтөч” эрдэм шинжилгээний сэтгүүл №7.Уб.,2012 он.
- Пүрэвдорж.Ч.”Багшлахуйн менежмент”.Уб.,2010 он
- БҮТ. “Бага боловсролын математик, унших чадварын үндэсний үнэлгээ-2008”.Уб., 2008 он
- Ганболд.Д “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн зарим асуудал”. Уб.,2013 он
- Монгол хэл, уран зохиолын стандарт (Монгол улсын стандарт MNS 5420-13:2004).УБ.,2004 он
- ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн, АНУ-ын Брүүкингсийн боловсролын төв. “What Every Child Should learn” баримт бичгийн төсөл: 2013 он
- Black, Harrison, Lee, Marshall, William;’Working Inside the Black Box’,2004
- 2012 оны элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан