Бичвэр 1. Миний мэдэрсэн хайр
Ай даа, анхны хайр аа гэж…
Алган дээрээ цийлгэнүүлэн мэлтэлзтэл барьсан ус мэт ариун тунгалаг боловч сэтгэлтэй хүн нь гараас түшин хамтдаа барихгүй л бол алдаж асгах аюултай тийм л танхилхан хэврэг эд дээ. Хүүхэд насны гэнэн цайлган сэтгэлээр үеийн хөвгүүнээ нууцхан шохоорхон явсан үе надад ч бас бий.
Шинэ сургуульд элссэн анхны хичээлийн өдрөө хоцорч ороод хамгийн хойд талын эзэнгүй ганц ширээнд суулаа. Балчир байхын л намайг нуруу багатайгаар дооглон, “Могжоохон даагатай жогжоохон охин чи намхан нуруутай, навтгар хамартай” хэмээн шоглодог бөгөөд тэрхүү өдөр урд суусан олны араас самбараа харах гэж хичээн, салааны хажуугаар толгойгоо бултгануулан байв. Тэгж зүдрэх зуураа нуурын ус мэлтэлзэх мэт дөлгөөхөн хар нүд, морин хуурын аялгуу мэт тогтуун сонсголонтой хоолойтой хөөрхөн хүүтэй харц тулгарлаа.
Анхны хайр тэр минь ангийн багшийн хүү бөгөөд зуны туршид би багшаас давтлага авах нэрийдлээр түүн дээр зочилдог, хааяа дэггүйтэхээрээ цэмцийтэл боосон үсний туузыг минь татан аваад зугтаачихна. Гаднаа гомдож тунирхсан мэт царайлах ч түүний тохуурхах нь нүүр лүү нь харах шалтаг болдог тул битүүхэндээ би дуртай байлаа. Намайг охин чинээ харалгүй найз гэж бодох түүнд таалагдахын тулд харж явдаг хажуу ангийн охиныг дуурайлган халимаг үстэй болохоор шийдэв. Хайчаа чихэн тушаа газраа тулгаж байгаад хамхиж орхилоо. Эв хавгүй эржийж дэржийж хайчлагдсан үсээ харахад хайртай хөвгүүндээ тоогдоогүй зүрх шиг минь сэмэрхий бас өрөвдмөөр санагдаж байв. Маргааш нь хичээлдээ очтол өнөөх маань намайг “Бээжин хавтай адилхан байна аа” хэмээн ихэд дооглон инээж билээ. Тэр өдрөөс хойш би түүнтэй дахиж яриагүй, үсээ дахиж тайруулаагүй дээ.
Алган дээрээ мэлтэлзүүлсэн анхны хайраа алдаж асгасан түүх хүн бүхэнд байдаг байх аа. Магад хэзээ нэгэн өдөр сэтгэл түшин гараас дэмнэх сайхан дурлалтай учрах биз ээ.
Бичвэр 2. Миний мэдэрсэн хайр
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаа нэгэнтээ холдож, аадар бороо татран алсад солонго гэрэлтэнэ. Зуны намуун орой зулай дээрээс төөнөх наран доошлон шингэж, тэнгэрийн хаяа ялгаран үзэгдэнэ.
Нар дахин ургаж өглөө хурдан болоосой гэж би хүснэ. Тэр ч бас. Цэцэгсийн шүүдэр татраагүй байхад цэвэрхэн төрсөн тэр минь морин дэл дээр уурга суналзуулсаар адуундаа явна даа. Алсаас бараантаж харагдах сүргийн ардаас адуучин эр тэр минь ергөж харагдана. “Тэр одоо манай хаяагаар давхиад өнгөрнө дөө” гэж бодохоор зүрх түг түг цохилно.
Гэтэл сайх залуу минь жирэлзтэл хатируулсаар гэрийн баруунтаагуур явж өнгөрлөө. Бие минь энд зогсож байгаа л болохоос биш сэтгэл зүрх минь аль хэдийнээ түүний хатирах явдалтай зэрэгцэн нисэн одсон. Дахин хэдэн өглөө би ингэж догдлох бол? Жаргаж зогсох хоногийн минь тоо хугацаатай л байж таарна. Нар дээр хөөрч үд болжээ. Гүү саамын цаг ч болж саалийн хувингаа барин гүүн зэл рүү алхах зуураа сэтгэлдээ түүнийгээ л бодож төсөөлсөөр.
Аав жаахан хээрийг эхэд нь хөхүүлж татаад алсыг ширтэх зуураа “Саахалтын сунайсан бор банди ирж харагдана. Ашгүй унага таталцаж өгөх нь дээ” гэв. Миний дотор тэр чигтээ аянга цахилах шиг болж хоёр хацар минь улаа бутарна. Хангайн согоо шиг халиун саарал морио шон дээр уяж орхиод зэл рүү алхаж ирэх тун чиг харц булаам. Дүрлэгэр алаг нүд нь нуурын устай адил тунгалаг дөлгөөхөн. Хэний ч хайрыг татаж чадах хүдэр бадируун тэр залуу миний анхны хайр.
Дэргэдээс нь харж зогсохдоо баярлаад, баярлаад баршгүй. Энэ л ертөнцийн өдөр бүхэн ийм золтой жаргалтай байдаг бол хэчнээн сайхан бэ?
Унаган багын аашаараа
Уулын гөрөөс шиг омголон явлаа
Уулын гөрөөс шиг омголон явахдаа
Урсгал сайхан харцтай учирлаа.
Дахин нэг өглөө эхэллээ. Хангайн хөвдийн үнэрт дотор уужрах шиг болж бие хийгээд сэтгэл амар амгаланг мэдэрнэ. “Өчигдөр ирсэн ах өнөөдөр адуундаа яваагүй юм байхдаа” гэвэл аав “Өглөө эрт нутаг сэлгэж нүүнэ гэж ярина билээ” гэх нь тэр. Сэтгэлд минь асаж байсан өнөөх баяр хөөр, догдлол хормын дотор унтарлаа. Зуурдын тэрхэн жаргалаа би үүрдийн гэж андуурч явжээ. Биелэгдэшгүй зүйлийг хүсээд л байж тархи, зүрх хоёр минь.
Бичвэр 3. Миний мэдэрсэн хайр
Зуны сар өнгийн гоёлоо зүүж зугаатай улирал эхэллээ. Нисэх эрвээхэй шиг энд тэндгүй зүггүйтэн гүйж, өглөө нарнаас үдшийн саран мишээх хүртэл эгчтэйгээ тоглодог сон. Эгч минь надаас насаар хол ч сэтгэлд минь харваж ирсэн од хэмээн эрхлүүлнэ.
Наран голлож халуу дүүгсэн тэр өдөр бид ээжийн оёж өгсөн бор цоохор өнгийн хос даашинзаараа гоёж аваад гэрээс хол байдаг тоглоомын талбай руу явцгаалаа. Биднээс ганган хүн гэж байхгүй. Яг л Бэмби хүүхэлдэйн кино янзага шиг л өхөөрдөм харагдацгаана. Би ч удалгүй найзуудтай болж тэдэнтэйгээ тоглож эгчээсээ холдсоноо үл анзаарна.
Гэтэл нэг найз минь манайд очих уу гэж асуулаа. Би юу ч бодохгүй зөвшөөрөн хамтдаа гэр лүү нь явав. Цаг хугацаа ч талийж өгсөн бололтой бид ч ядарцгаасан байлаа.
Гэнэт нүдэнд эгч зурсхийв. Тоглоомынхоо халуунд эгчийгээ орхиод хэлэлгүй явсан гэдгээ сая л анзаарч гэрээс гүйн гарлаа. Тоглож байсан газраа очиход эгч алга. Дотор палхийгээд л явчихлаа. Одоо гэрээ мэдэхгүй яана аа хэмээн уйлахад эгч маань гүйсээр ирж байв. Би ухасхийн гүйж тэвэрч аван эхэр татан уйлав. Эгч маань намайг загнаж байснаа удалгүй уйлан ингээд би энгэрийн зүүлтгүй болох нь амьдралын минь од байхгүй боллоо гээд ямар их айсан гээч эгчдээ хэлээд явахгүй дээ хэмээгээд намайг тас тэвэрлээ. Энэ үед надад ямар их хайр мэдрэгдсэн гээч. Би эгчийнхээ бүх л амьдрал нь гэдгээ мэдэрч түүнийгээ ч бас чангаас чанга тэвэрсэн юм. Гадаа ч од жирвэгэнэлдэж, саран мандаж байлаа.
Бичвэр 4. Миний мэдэрсэн хайр
Хайр гэж юу вэ? Хайр гэдэг нь миний бодлоор амраг хосын хайр, ах эгчийн хайр, анд нөхдийн хайр, эцэг эхийн хайр гээд хэд хэдэн төрөл байдаг байх.Хүн гэдэг амьтан хайр халамжаар дутагдаж байдаг билээ. Эргэн тойрныхоо хүмүүст хайр түгээж амьдрах нь тэдний сэтгэлийн эрүүл мэндэд нь дархлаа нэмж байгаа явдал юм. Гэхдээ хайр хайрын дээд эцэг эхийн хайр гэж би боддог.
Учир нь одоогоос арван нэгэн жилийн өмнө би долоон настай байлаа. Аав ээж маань хөдөө фермер ажиллуулан, мах сүүний бизнес эрхэлж амьдралаа залгуулдаг, харин би гэдэг хүн чинь эмээ дээрээ өслөө. Уйтгартай орон сууцуудын дунд дөрвөн ханаар хашигдан, загал татсан цонхоор харан зогсоно. Үеийн хүүхдүүд гадаа тоглож, ээж аавтайгаа салхилна. Гэтэл би эцэг эхээ санан бэтгэрэн сууна. Долоон хоногийн амралтаар л ээж аавтайгаа уулздаг байлаа.
Би ч тав дахь өдрийн орой хөдөө явна гээд хөл газар хүрэхгүй хичээлээсээ яаран гүйн ирлээ. Эмээтэйгээ замын машинд дайгдан хөдөөгийн сайхан талаар тоос татуулан давхина.
Эцэг эхийнхээ барааг хараад магнай тэнийтэл баярлаад, элгэнд нь наалдан энгэрт нь тэврүүлэн эрхэлнэ. Энэхүү удаан хугацаанд олдсон жаргал минь удсангүй. Хотоос том том машинтай гүзээгээ унжуулсан буу шийдэм болсон хэдэн нөхөр надтай уралдах нь холгүй ирээд аавыг минь анд аваад явчихлаа. Энэ явдал хэдэн долоо хоног давтагдсаны эцэст би аавыг анд явсан хойгуур нь хайрцаг дүүрэн сумыг нь гал руу чулуудчихаад толгой салаавчлан орон дээр хэвтэж байтал тас няс гэж дуу хадаж төмөр зууханд нүх гарч эхлэв. Энд тэндгүй цог , гал , ийш тийш сум үсрэн би яахаа ч мэдэлгүй бархиран уйлна.
Гэтэл улаан гал дундуур ээж минь гаднаас гүйн орж ирээд намайг энгэртээ тэврэн гүйн гарсан билээ. Энэ үед би эх хүний хайр ямар агуу болохыг мэдэж авсан. Ээжийнхээ хэмжээлшгүй их хайранд умбаж яваа азтай хүн юм аа гэж одоог хүртэл бодогддог. Аав маань их ширүүн бөгөөд ангаас ирээд намайг ч сайн хашраах байх даа гээд уйлан сууж байтал уулын бэлээс морины хурдаар давхин ирж буй аавын бараа үзэгдлээ. Мориноосоо үсрэн бууж буугаа газар чулуудан ээж бид хоёрыг тэврэн авлаа.
Уул мэт ханагар аавыгаа би уйлж байхыг нь анх үзсэн юм. Уйлах уйлахдаа бүр асгарах юм билээ. Үүний зэрэгцээ бууны суманд цоолуулан шүүрэн шанага болсон гэр, зуух хоёр хүртэл уйлах шиг.
Ийнхүү эхийн хайраас амь гарч , эцгийн хайр нулимс хоёроор ухаан суусан билээ. Хэн нэгнээс мэдэрсэн хайр аз жаргалыг ялгаруулдаг. Хэн нэгэнд мэдрүүлсэн хайраас жаргалыг бэлэглэдэг билээ. Эцсийн эцэст бид ямар ч ажил хийсэн ямар ч албан тушаал эрх мэдэлтэй болсон ч эцэг эхийн хайрыг юугаар ч үнэлж барахгүй.
Бичвэр 5. Миний мэдэрсэн хайр
Анхны бүхэн сайхан байдаг шиг анхны хайр ч мөн адил тийм бололтой. Хүн бүрийн зүрхэнд бага насны гэгээлэг хайрын тухай дурсамж оршдог л байх. Ингэж бодон байрныхаа гаднах саадад суулаа.
Хаврын зөөлөн салхи хацрыг минь илэх шиг болоход балчир насны нандин дурсамж бодлыг минь бүрхэв. Ханхүү гэх бага ангийн дурлалт хөвгүүний царай одоо ч тодхон санагдана. Яг л нэрдээ төгс тохирдог хүн гэж түүнийг л хэлнэ.
Хичээлийн хонхтой зэрэгцэн тэр манай ангид шилжиж ирсэн юм. Багш түүнийг танилцуулаад миний хажууд суулгалаа. Зүрх минь энд тэндгүй цохилон хацар нүүрийг халуун төөнүүлж байлаа. Бүх хичээлдээ сайн түүний хажууд хичээл таслагч эршүүд охин яагаад ч тохирохгүй. Миний тарьсан хэргийг тоолно гэдэг тэнгэрийн од тоолохтой л адил. Хаана юм эвдэрсэн байна гагцхүү миний нэр хамгийн эхэнд цоллогдоно. Эвдэрсэн байна гагцхүү миний нэр хамгийн эхэнд цоллогдоно. Надад зодуулаагүй хөвгүүн ангид байтугай сургуульд ч тун ховор тиймээс ч ханхүү надаас зайгаа барьдаг байв. Үүнээс хойш зодоон хийхгүй хэрэг тарихгүй яг эмэгтэй хүүхэд шиг л байх болно гэж өөртөө тангараг өргөв. Ядаж байхад дээрээ гурван ахтай өссөнийг ч хэлэх үү, энэ унаган занг өөрчлөх нь хичээл хийхээс хэцүү. Эгчтэй байсан бол арай өөр байх байсан юм. Ээжээс л болж байгаа юм. Тэр олон ах нарын оронд ядаж ганц эгч төрүүлчихгүй дээ гэж үглэн өөрийн эршүүд зандаа бусдыг буруутган гарлаа.
Ангийнхаа охидыг ажиглан даган дуурайдаг болов. Тэгэх бүрийд маш тухгүй санагдана. Гэсэн хэдий ч сэтгэлтэй хөвгүүнийхээ төлөө заавал хийх ёстой гэж бодсоор л.
Тав тухгүй өөрийнхөөрөө бус хэн нэгэн шиг явсаар нэг сар өнгөрчээ. Гэтэл нэг өдөр ханхүү надад сэтгэлээ илчиллээ. Би баярлахын зэрэгцээ гайхаж хоцорлоо. Түүний хэлсэн хэдэн үгс насан туршид сэтгэлд минь орших юм шиг ээ.
Чи өөрийнхөөрөө л байхдаа л үзэсгэлэнтэй энэ үг надад жинхэнэ хайр гэж үүнийг л хэлдэг юм байна гэж бодогдуулж билээ.
Бичвэр 6. Миний мэдэрсэн хайр
2005 оны 12 сар. Ягаан цэцэгтэй алчуураар толгойгоо ороож эмнэлгийн гэмээр өмд цамцан дээрээ дээрээ нэхий хүрэм давхарлан өмссөн жаалхан бүсгүй гэрийн хаалга татан орж ирээд тэсгэм хүйтэнд хөлдөж хагарсан гутлаа тас няс хийлгэн цасыг нь унаган гэрт орж ирлээ. Энгэртээ алгын чинээ жижигхэн зүйл энхрийлэн тэвэрсэн нь би байсан юм.
Хойморт даавуу дэлгэн дээл эсгэж суусан эмээд минь намайг даатгаж үлдээгээд гарч одов. Эмээдээ очиход би ердөө тавхан сартай байж. Цаг хугацаа нисэн өнгөрч би сургуулийн сурагч болсон үе. Өвлийн жавар эмээгийн минь дөрвөн ханатыг тойрохгүй байна гэж байхгүй дээ. Тэр өвлийн хүйтэн шөнүүдэд, эмээгийнхээ өвөрт дулаан хэвтэнгээ даарвал хөдөө эмээгийнхээ гэдсэнд хөлөө нааж дулаацуулаад л маадгар би өглөө эрт хичээлтэй эмээ намайг босохоос өмнө гэр дулаацуулна гээд эртлэн босно. Эмээг босох төдийд л хөнжлийн сиймхийгээр хүйт сэнгэнэж би даарсандаа хөнжилдөө шургана. Нүүрс модоор дүүргэсэн түлээний хувингаа шажигнуулсаар эмээ зуух руу дөхнө. Түлээ хагалж даарсан гар нь мэнчийтэл улайсан эмээ минь тун чиг өрөвдөлтэй харагддаг сан.
Шөнөжин жавар хургаж, ундны ус хүртэл тас хөлдсөн гэрт гал асаах гэж зовно доо харин ч нэг асвал бөөн баяр болно. Асаж амжаагүй бол хөнжилдөө хичээлийнхээ хувцсыг тэмтчин өмсөөд ус нь хөлдүү гоожуураас гуйж гуйж дусал ус аваад амаа угаагаад хичээлдээ явна.
Өдөр нь хичээлээсээ ирэхэд таваг дүүрэн боорцог хайрчхаад л инээмсэглээд угтдаг сан эмээ минь. Бага байхдаа мэдэрсэн тэр их жаргалыг бодохоор бие муудаж босож сууж чадахаа больсон эмээгийнхээ хөлийг хэдэн ч цагаар дулаацуулж барьж өгсөн жаргалтай санагддаг сан даа. Эмээ минь та урт удаан наслаарай.
Бичвэр 7. Миний мэдэрсэн хайр
Тээр нэг жилийн тэсгэм хүйтнээр би аавтайгаа хамт өвлийн идшээ бэлдэхээр Улаанбаатар хотоос машинаа хөлөглөн Дадал сумыг зорилоо. Эндээс тийшээ очихдоо аавтайгаа элдвийн л зүйлийг хууч хөөрч, дуулж бүжиглэж их л сонирхолтой зорьсон газраа ирэв.
Бид хоёр тэнд гурав хонолоо. Хаа нэг хөдөө явдаг надад нагац ахындаа хөгжилтэй л цагийг өнгөрөөсөн. За ингээд буцах цаг ч болж махаа ачаад дээр нь ихээхэн сүү цагаан идээтэй гэрээ зорив. Дахиад л аавтайгаа элдвийг ярьж явтал гадаа бүрий тасарч маш хүчтэй цасаар шуурч эхлэв. Би дотроо бага зэрэг айдастай байсан ч аав минь над руу дулаахан инээмсэглэлээр мишээж зүгээр дээ миний хүү хэмээн хэлэхэд бүх зүйл л тайван амгалан мэтээр мэдрэгдлээ. Гэвч тэр хүчтэй цасан шуурганаар манай машин гэнэт л асахаа болив. Хажуу ойр машин байтугай айл амьтан харагдахгүй байлаа.
Олон цаг хүйтэн машинд суусаар би маш ихээр даарч, аав минь миний хөл гарыг халуун гараараа дулаацуулан бүү санаа зов гэж хэлээд доошоо харахдаа аав минь ч мөн адил дотроо маш том айдастай байгааг сая л нэг анзаарав. Цас улам ширүүссээр, би дотроо за ингээд хөлдөөд үхдэг л юм байна гэж бодон усан нүдлэв. Тэр үед аав минь өөрөө үхсэн ч яахав, зөвхөн намайг л дааруулахгүй дулаахан байлгахыг хичээж бүх хувцсаа тайлан надад өмсүүлээд аав нь зүгээр дээ гээд инээмсэглэв.
Энэ үед би эцэг хүний хүүхдийнхээ төлөө юуг ч хийхээс буцахгүй, амиа өгөхөд ч бэлэн тэр сайхан хайр, агуу зүрх сэтгэлийг маш ихээр мэдэрсэн юм.
Ингээд үүр цайж цасан шуурга ч намдав. Гэхэд ашгүй уулын цаанаас даваа даваад нэг машин ирж явна. Тэр хүмүүс их сайхан сэтгэлтэй аав бид хоёрыг машиндаа суулган төв бараадуулав. Тэгээд л бид эсэн мэнд гэртээ харьж нэгэн гунигтай, дурсамжтай, хамгийн их хайрыг мэдэрсэн шөнө болж өнгөрсөн билээ.
Бичвэр 8. Миний мэдэрсэн хайр
“Хүлээнэ ээ” Даруй хоёр жилийн өмнө хэлсэн ганц үг одоог хүртэл сэтгэлийн гүнд цуурайтна. Шатаар өгсөн, түүнийхээ хаалганд ойртох тусам амьсгаа дээрдэж, аль үг улам тод сонсогдоно. Хаалганы нь өмнө ирээд нэг тогших гэтэл түмэн янзын бодлууд толгойд эргэлдэж эхэллээ.
Намайг таних болов уу? хэр өөрчлөгдсөн бол “Ямар хариу үйлдэл үзүүлэх бол” юу гэж хэлэх бол хамгийн гол нь: Надад хайртай хэвээрээ болов уу? Толгойд зовлонтой эргэлдэх бодлоо арай ядан хав дарж, хаалгыг нь өмнө яаж тогшдог, тэр аяраа тогшлоо. Хариу байсангүй. Дахиад нэг тогшив. Хариу байгаагүйд бачимдсан зүрх минь цээжнээс сугарах гэж буй мэт лугшина. Гомдлоо нууж чадсангүй ээ, санаж бэтгэрсэн сэтгэл минь харууслын симфони хөглөж, өөрийн эрхгүй толгойгоо гудайлгахад барьсан цэцгийн баглаа даган тонгойлоо. Эргэж хараад явдгийн даваан дээр, хэн нэгний хөл хөнгөхөн дэгдээд, хаалгатай ноцолдох нь сонсогдов.
Найдварын дөл итгэлийн гал болж бадарлаа. Зүрхний угт ассан энэ гал гомдол харууслыг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг авчирлаа. Энэхэн хаалганы цаана хайрт амраг минь зогсож байгаа даа, төдхөн уулзлаа даа гэх бодол хэдий баясгалантай ч хаа нэгтээ үл итгэхийн зовлон өвөртөлнө. Удаж төдөлгүй хаалга нээгдлээ.
Нүдний минь өмнө хоёр жилийн өмнө нисэх буудал дээр уйлаад үлдсэн энхрий охин зогсож байлаа. Юм хэлэх гэсэн мэт ам нь ангайснаа, намайг танив бололтой нүд нь томорч, гараараа амаа таглалаа. Хүний газар хоолтой, хоолгүй өнжиж, сурахын төлөө бүхнээ зориулсан миний бие элэгдсэн байхад, тэр охин өөрчлөгдөөгүйгээр барахгүй, улам үзэсгэлэнтэй гоо болсон байжээ. Барьсан баглаа цэцгээ аанай л сарвайхад тэр минь гүйхээрээ ирж намайг тэвэрлээ. Ай энэ мэдрэмжийг аваагүй яасан ч их удав даа. Өвлийн хүйтэнд даарсан намайг биеийн илч нь дулаацуулж тэврэлтэд нь би хайлах мэт санагдлаа. Над руу харж гараараа нүүрийг минь илбэхэд шөнийн тэнгэрт туйлын туяа татсан мэт эрс тэс хоёр өнгө харшилдлаа.
Энэ ариун дагинын гараас барьж, хайрыг нь мэдэрнэ гэдэг юутай аз тохиол вэ? Бид тэврэлдэж суухад нөгөө л намуухан хоолойгоороо шивнэх шахам хэллээ. Энэ өдрийг ямар удаан хүлээв ээ.
Өвлийн өдөр их богино юм. Гэгээ тасарч би ч харих боллоо. Маргааш уулзалдах цаг товлож гараа даллаад холдоход миний хойноос “Хүлээнэ ээ” гэх нь намуухан сонсодно.
Бичвэр 9. Миний мэдэрсэн хайр
Хайр хүн бүрд өөр өөрөөр мэдрэгддэг. Нэг настай балчраас зуун настай буурай гээд л бүгд л хайрын өөрөөр хардаг. Зарим хүмүүс өөрт нь үнэтэй зүйл авч өгөн мөнгөөр хайраа илэрхийлж, түүнийгээ хайрын хэлбэр гэж боддог бол зарим нь зүгээр л хайртай гэдэг үгнээс хайрыг мэдэрч чаддаг.
Би дүүгээсээ хайрыг маш их мэдэрдэг. Дүүг жоохон байхад би дунд ангид орчихсон. Ээжээсээ мөнгө авахгүй гээд нэлээн өлсдөг байсан юм. Манай дүү харин хичээл дээрээ үдийн цайтай, мөн мөнгө авч хичээлдээ явдаг байсан сан. Бид хоёр нэг сургууль учир зөндөө таарна.
Нэг орой бид 2 унтахынхаа өмнө өдөр болсон юмнуудаа ярилцацгаав. Би хичээл дээр ийм зүйл болоод гээд ярьж дуусав уу үгүй юу? Манай дүү би хичээл дээрээ ийм юм идээд гээд идсэн зүйлээ яриад болдоггүй. Өдөржингөө хоол идээгүйдээ уурлаад ч тэр юм уу, гомдоод ч тэр юм уу. Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа гэдэг үгийг чангахан хэлчихлээ. Тэгтэл дүү маань чимээгүй болоод гайхаад хоцорч билээ.
Хэдэн өдөр би дүүтэйгээ юу ч ярьсангүй. Тэр маань гайхаад л нэг өдөр аниа гээд юм хэлэх гэж байгаа бололтой нүд нь тормолзоод хүрээд ирлээ. Би ч юм ярихгүй гээд гүрийсэн хэвээрээ. Та яагаад уурлаад байгаа юм гэхээр нь би бодож бодож нэг юм ам нээлээ. Ам нээсэн ч дүүдээ уурласан хэвээр л. Чамайг бодвол би өдөржин хоол идэхгүй явдаг юм за гээд шулуухан хэлчихлээ. Манай дүү тэр үед намайг өрөвдсөн хайрласан харцаар харж билээ.
Дахиад хэдэн өдөр өнгөрлөө. Хичээл орж байх хооронд багш гадаа чамайг хүн дуудаж байна гэлээ. Би гайхаад гараад очтол манай дүү завсарлагаагаараа ирсэн бололтой амьсгаадчихсан зогсож байна. Яасан гээд ууртай хэлтэл ардаасаа печень гаргаж ирээд өлсвөл идээрэй гэж хэлээд гар атгуулчхаж билээ.
Анги руугаа гүйх дүүгээ ширтэн үлдэхэд миний толгойд ямар их бодол эргэлдсэн гээч. Тийм жоохон амьтанд тэгж учраа хэлэлгүй хэдэн өдөр уурласандаа өөрөөсөө ичиж билээ. Тэр амттанаас би ямар их хайрыг мэдэрсэн гэж бодно. Хайр гэдэг том зүйлээс биш жижигхэн үйлдэл үгнээс ч илэрч боддог юм.
Бичвэр 10. Миний мэдэрсэн хайр
Намрын сэрүү орсон үес. Шөнө буусан хяруу өглөөний наранд гялбан тун ч үзэмжтэй. Малчин айлын ажил өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ундарна. Өглөө эртлэн босоод үүдээр гарахад хотныхоо дэргэд цагариглан хэвтсэн хоточ банхар минь намайг харан сүүлээ годгонуулсаар угтаж ирдэг сэн.
Намайг анх сургуульд ороход нөхөр болгож аав минь энэ нохойг өгсөн юм. Бага гөлөг байхаас нь өхөөрдөн тоглож өссөн болохоор дотно сайн анд минь болсон. Хаа ч явсан би банхрыгаа дагуулж явна. Өмөг түшигтэй сэтгэлд амар байдаг юм. Харин энэ жил сургуульд явахдаа үлдээхээс өөр аргагүй болоод байлаа.
Учир нь би тэр жил сургуулийн дотуур байранд орох болоод нохойгоо дагуулж явах аргагүйд хүрсэн дэг.Үргэлж хамт явдаг үнэнч найзаа орхиод явна гэдэг надад тун ч хэцүү. Аавыг хонинд явахад дагуулах гэхэд намайг ингээд орхих нь уу гэх харцаар намайг удаан ширтэж байгаад л явж билээ.
Тэгэхэд надад улам л хэцүү болж орхиод явахаар эргээд л уулзаж чадахгүй мэт санагдан, санагдан явсан юм. Эргээд л очих юм чинь дээ юунд нь зовох вэ гэж аав намайг аргадна.
Хэд хоногийн дараа хичээлээ тараад явах үед банхар маань намайг олоод ирчихсэн сүүлээ шарвагануулан зогсож байж билээ. Тэр үед миний мэдэрсэн мэдрэмж бол өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ их баярласан хийгээд тайтгарсан мэдрэмж байсан юм. Банхар минь хэдий хүний хэл мэдэхгүй хүний хэлээр ярьж чадахгүй ч түүний харцнаас нь хэлэх ч шаардлагагүйгээр чамайг харсандаа баяртай байна шүү хэмээн мэндлэх нь мэдрэгдэж билээ.
Бид хэдий ярилцаж чадахгүй ч найз нөхрийн нандин хайраар сэтгэлээ дүүргэж байсан юм. Нохой хэдий амьтан гэгддэг ч хүн төрөлхтний хамгийн үнэнч нөхөр нь байсаар байх биз ээ.