МОНГОЛ-ГЕРМАНЫ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД
2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуульд оюутан элсүүлэхэд баримтлана.
1.2. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан элсэлтийн хяналтын тоонд багтаан Инженерийн бэлтгэл хөтөлбөрт оюутан элсүүлнэ.
1.3. Элсэлтийн ажлыг Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн Элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
1.4. Элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэг, чадварт үнэлгээ өгөх замаар элсэлтийн ажлыг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулахад оршино.
ХОЕР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС
2.1. Монгол-Германы технологийн дээд сургуулийн хамтарсан хорооноос элсэлтийн комиссыг байгуулна.
2.2. Элсэлтийн комисс нь комиссийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам тогтоох, элсэгчдийн материалыг шалгах болон элсэлтийн шалгалт авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулна.
ГУРАВ. БҮРТГЭЛ
3.1. Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуулийн Инженерийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцахыг хүсэгчид 2013 оны 7 дугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд www.gmit.edu.mn вэб хаягаар онлайн хэлбэрээр бүртгүүлнэ.
3.2. Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, физик, хими, англи хэл гэсэн 4 хичээлээс 2-оос доошгүй хичээлийн шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн тус сургуулийн бэлтгэл ангид бүртгүүлэх эрхтэй.
3.3. Бүртгүүлэгч нь 2012, 2013 онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бол Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор, 2012 оноос өмнө Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бол зөвхөн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа тохиолдолд бүртгэнэ.
3.3. Гадаад оронд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн элсэх хүсэлт гаргаж болох бөгөөд элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих Элсэлтийн ерөнхий шалгалттай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай тодорхойлолт, баримтыг үндэслэн бүртгэж болно. Мөн тодорхой шалтгаанаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй иргэд энэ бүлэгт хамаарна.
3.4. Бүртгүүлэгч нь тус сургуульд бүртгүүлэх шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд тухайн хүнд электрон шуудангаар мэдэгдэнэ.
3.5. Бүртгүүлэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд буруу мэдээлэл өгсөн бол бүртгэлийг хүчингүйд тооцно.
ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ
4.1. Тус сургуульд элсэхээр бүртгүүлсэн иргэдээс элсэлтийн шалгалт авна.
4.2. Бүртгүүлсэн иргэдээс бүртгэлийн онооны дарааллаар эхний 300 хүртэл хүнийг элсэлтийн шалгалтад урина.
4.3. Бүртгэлийн онооны дарааллыг тогтоохдоо элсэлтийн шалгалтын математик, физик, хими, англи хэлний онооны дундаж оноо, гүйцэтгэлийн дундаж хувь, бүрэн дунд боловсролын гэрчилгээний онооны мөн дээрх хичээлүүдийн дүнгийн дундаж гэсэн 3 үнэлгээний нийлбэрийг харгалзана. Бүртгүүлэгч нь их, дээд сургуулийн оюутан бол сүүлийн хичээлийн жилийн голч дүн 3.0-аас дээш бол голч дүнгийн 0.1 үнэлгээ тутамд 5 оноо нэмж тооцно.
4.4. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй бүртгүүлэгчдийг элсэлтийн шалгалтад урих эсэхийг элсэлтийн комисс тухайн хүний бичиг баримтад үндэслэн шийдвэрлэнэ.
4.5. Бүртгүүлэгч бүрт элсэлтийн шалгалтад оролцох эсэх тухай мэдээллийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр электрон шуудангаар хүргэнэ.
4.3. Элсэлтийн шалгалтыг 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна. Математик, англи хэлний бичгэн шалгалт авах бөгөөд шалгалтын үнэлгээ 60:40 гэсэн харьцаатай байна.
4.4. Элсэлтийн шалгалтын дүнг 2013 оны 8 дугаар сарын 20-ны дотор онлайн хэлбэрээр мэдээлнэ.
ТАВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ
5.1. Инженерийн бэлтгэл ангид оюутан элсүүлэхдээ бүртгэлийн болон шалгалтын онооны нийлбэр дүнг харгалзана. Нийлбэр дүнг гаргахдаа бүртгэлийн болон шалгалтын оноог 50:50 харьцаагаар авна.
5.2. Нийлбэр онооны дарааллаар эхний 120 шалгуулагчид бэлтгэл хөтөлбөрт элсэх эрх олгох бөгөөд элсэх эрх авсан хүн бүрт электрон шуудангаар мэдэгдэнэ.
5.3. Шалгуулагчдын нийлбэр оноо тэнцсэн тохиолдолд элсэлтийн шалгалтын оноог харгалзана.
5.4. Оюутан элсүүлэхтэй холбогдолтой аливаа маргааныг элсэлтийн шалгалтын комисс эцэслэн шийдвэрлэнэ.
ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
6.1. Элсэгчдийг 2013 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэж, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг олгоно.
6.2. Суралцах гэрээг 2013 оны 8 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд хийнэ.
6.3. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд гэрээ байгуулаагүй элсэгчийн элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.
6.4. Элсэгч нь суралцах гэрээ байгуулснаар тус сургуулийн албан ёсны оюутан болно. Гэрээнд сургууль болон оюутны эрх, үүрэг, сургалтын төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан байна.
ДОЛОО. БАКАЛАВРЫН СУРГАЛТАД ЭЛСЭХ
7.1. Инженерийн бэлтгэл хөтөлбөрт амжилттай суралцаж, төгсөлтийн шалгалт болон ТестАС шалгалт өгсөн оюутан үндсэн ангид элсэн суралцана. (Босго оноог дараа тогтооно.)
7.2. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой шаардлагыг бүрэн хангасан бөгөөд их, дээд сургуульд 2-оос доошгүй семестр инженер технологи, байгалийн ухааны мэргэжлээр 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцсан оюутан тус сургуулийн бакалаврын үндсэн ангид элсэн суралцах хүсэлт гаргах эрхтэй. Хүсэлт гаргагч нь Инженерийн бэлтгэлийн төгсөлтийн шалгалт болон ТестАС шалгалт өгч босго оноог авбал үндсэн ангид элсэн суралцана.
7.3. Бакалаврын үндсэн ангид элсэн суралцахад зөвхөн сурлагын амжилтыг харгалзах бөгөөд элсэлтийн тоонд хязгаар тавихгүй.