Эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-с 2000 оноос эхлэн зохион байгуулж буй Олон улсын сурлагын амжилтын үнэлгээний шинэ 9 дэх циклийн PISA-2025 анхны уулзалт, сургалт Бүгд Найрамдах Португал Улсын Лисбон хотноо 2023 оны 03 дугаар сарын 12-18 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад дэлхийн 90 гаруй улс орны төлөөлөл хамрагдаж байна.
Олон улсын сурлагын амжилтын үнэлгээ нь тухайн улсын 15 настай суралцагчдын танхимын сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал ахуй, практикт хэрэглэх чадварыг үнэлдгээрээ онцлог юм.
Монгол улс PISA-2022 циклд анх удаа хамрагдсан бол 2025 онд 2 дахь удаа хамрагдана.
Тус уулзалт, сургалтыг нээж БНПУ-ын Боловсролын сайд хэлсэн үгэндээ “PISA-г үндэсний үнэлгээний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж болох юм. Улс орнууд PISA-ын үр дүнгээр хэрхэн эрэмбэлэгдэх, “PISA SHOCK” болох эсэх нь төдийлөн ач холбогдолтой биш юм. Гол нь боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, цаашид боловсролын бодлогоо хэрхэн чиглүүлэхийг судалгааны маш нарийн үндэслэлд тулгуурлан оновчтой зөв тодорхойлж төлөвлөх боломж бүрдэж, боловсролын талаар маш том суурь мэдээллийн сантай болж байгаа нь бидний ажилд гол чиглэл, дэмжлэг болж байна” хэмээн онцолж хэллээ.
PISA-д анх удаа хамрагдаж буй ихэнх улс орнууд “PISA SHOCK” буюу өөрсдийн хүссэн үр дүнгээс доогуур үнэлгээтэй үнэлэгддэг бөгөөд үүнийгээ цаашид өөрийн орны боловсролын чанар, хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах боломж гэдэг талаас нь харж, үр дүнд хүрч байгааг бусад орны төлөөлөгчид онцолж байна.
PISA-2022 циклийн үр дүн 2023 оны 12 сард олон нийтэд нээлттэй зарлагдана.