Танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа танхимын бус хэлбэрт шилжсэний улмаас ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд бий болсон сурлагын хоцрогдлыг 3 жилд багтаан нөхөх, арилгах цогц арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Уг арга хэмжээний хүрээнд сурагчдын мэдлэг, чадварыг оношлох, үр дүнд тулгуурлан сургууль, багш нарт дэмжлэг үзүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Оношлох үнэлгээ”-г 2021 оны 09 сарын 23-24-ний өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвөөс улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү үнэлгээнд 646 сургуулийн 2-12 дугаар ангийн 64,0 мянган суралцагчид хамрагдсан бөгөөд үнэлгээний үр дүнд шинжилгээ хийх ажил хийгдэж байна.
Суралцагчдын сурлагын хоцрогдлыг хичээл, хүүхэд бүрээр нарийвчлан тогтоох хэрэгцээ, шаардлагатай гэж зарим аймаг, нийслэлийн боловсролын газар, сургуулиудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургуульд суурилсан үнэлгээний жишиг сэдэв даалгавар, дүгнэх аргачлалыг сургууль, багш нарт дэмжлэг үзүүлэх үүднээс Боловсролын үнэлгээний төвөөс боловсруулж аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан сургуулиудад хүргүүлсэн юм.
Энэхүү үнэлгээний зорилго нь тухайн сургууль хичээл, сургалтын явцаа үнэлэх, суралцагчдын хоцрогдлын агуулгыг нарийвчлан тодорхойлох, үр дүнд суурилан хариу арга хэмжээ авахад чиглэх бөгөөд сургууль өөрийн нөхцөл байдлаа харгалзан хичээл, сургалтын хэвийн ажиллагааг тасалдуулахгүй, багш, сурагчдад нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр бие даан зохион байгуулах чиглэлийг Боловсролын үнэлгээний төвөөс хүргүүлсэн юм. Мөн сургуульд суурилсан үнэлгээг улсын хэмжээнд Боловсролын үнэлгээний төвөөс нэгдсэн зохион байгуулалттай хийх сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцохгүй болно.
Сургуульд суурилсан үнэлгээний сэдэв даалгавар, түүнийг хэвлэх бичиг хэргийн зардлыг Боловсролын үнэлгээний төвөөс тухайн аймаг, нийслэлийн боловсролын газар (дүүргийн боловсролын хэлтэс)-аар дамжуулан олгоно.
Түүнчлэн сургуульд суурилсан үнэлгээний үр дүнд аймаг, нийслэлийн боловсролын газар (дүүргийн боловсролын хэлтэс) бүр шинжилгээ хийж нэгдсэн, тайлан зөвлөмжийг судлагдахуун, сургууль бүрээр гарган сургуулиуддаа хүргүүлж, түүний үр дүнд тулгуурлан сургууль бүр сургалтын хөтөлбөрийн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг дээшлүүлэх, багшлахуй ба суралцахуйн арга зүйг сайжруулах төлөвлөгөө гарган, сурлагын амжилтыг ахиулах юм.
Гэвч нэгдсэн хуваарь гаргаж сурагчдаас нэг өдөр хэт олон шалгалт авах, бичгийн цаас нэхэх зэрэг үндсэн зорилго, зохион байгуулалтаас хазайсан үйлдлүүд зарим газарт гарч байна.
Иймд тус сэдэв, даалгаврыг тухайн сургууль өөрийн дотоод нөөц боломждоо тулгуурлан тодорхой хуваарь, хугацаанд баригдахгүй, хичээл сургалтын үндсэн үйл ажиллагааг тасалдуулахгүй, багш, сурагчдад ачаалал үүсгэхгүй байхаар тооцон технологийн боломжийг ашиглан “Сургуульд суурилсан үнэлгээ”-г зохион байгуулж болох бөгөөд үнэлгээний үр дүнгээ сургууль дотоод үйл ажиллагаандаа ашиглахыг хүсье.
Дээрх нөхцөлийг хангах боломжгүй сургуулиуд “Сургуульд суурилсан үнэлгээг”-г зохион байгуулахгүй байж болохыг анхааруулж байна.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ