“Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Английн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн түвшний багш бэлтгэх 1000 багшийн сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 669 захирал, 310 сургалтын менежер, Боловсрол, соёл урлагийн газрын 35 мэргэжилтэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 50 арга зүйч нар хамрагдаж байна. Сургалтаар шилдэг менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттай танилцаж туршлага судлах юм.
Сургалтын нээлтийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Дэлхий нийтэд боловсролын чиг хандлагыг өөрчлөх, XXI зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалын энэ үед төлөвшил сайтай, зөв монгол хүнийг бэлтгэх ажлыг гардан зохион байгуулахад сургууль, цэцэрлэгийн удирдлагууд та бүхэн чухал үүрэгтэй билээ. Дэлхийн түвшиний менежерийг бэлтгэхээс гадна боловсролын салбарт хийгдэх реформыг гардаж хийх та бүгдийн хувийн, байгууллагын манлайлал, мөн салбарын манлайлал чухал” гэдгийг онцоллоо.
Энэхүү сургалтыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжиж, Глобал грөүф институт-Global Growth Institute, Гүрэн академи, Денкфарм ХХК, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс цахим сургалтыг удирдан зохион байгуулж байна. Гүрэн академи сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалт тус бүр 100-110 хүнтэй 10 ангиар 1-3 ээлжээр зохион байгуулагдах юм.