БСШУС-ын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/194 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.2 дугаар зүйлд “Элсэлтийн ерөнхий шалгалт нь монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, Монгол улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн I (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) гэсэн ялгамжтай агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн болон бусад хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө” хэмээн заасан болно. Суралцагчид заавал судлах болон гүнзгийрүүлж сонгон судлах агуулгаас өөрсдийн ирээдүйд эзэмших мэргэжлийн чиглэлээс хамаарч хичээлээ сонгон Элсэлтийн ерөнхий шалгалтыг өгнө.
Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их, дээд сургуульд оюутан элсүүлэх журмын дагуу гишүүн их, дээд сургуулийн сургалт явуулж буй хөтөлбөрөөс хамаарч бүлгүүдийг тодорхойлдог ба энэхүү бүлгээр элсэгч нь тухайн бүлэгт тохирсон ЭЕШ-ыг заавал өгсөн байна.