Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ хариуцан “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү улсын зөвлөгөөн нь 2007 оноос хойш 11 жилийн дараа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдах ба салбар зөвлөгөөн тус бүрээс мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж гарах юм байна.
“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод 1-р сарын 18-25-ны өдрүүдэд, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр 1-р сарын 29 нөөс 2-р сарын 3- ны өдрийг хүртэл зохион байгуулагдах ба ерөнхий боловсролын салбарын 36000 гаруй багш, удирдах ажилтныг төлөөлж нийслэл болон 21 аймгийн ЕБС-ийн 3400 төлөөлөгч оролцоно. Мөн энэ удаагийн зөвлөгөөнд www.zuvluguun.edu.mn цахим сайтаар дамжуулан онлайнаар оролцож, санал, хүсэлтээ өгөх боломжийг бүх багш, удирдах ажилтнууд, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулах гэж байна.