Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

МОНГОЛ ХЭЛБИЧИГ-ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛАА

eec.mn2021-01-25

     Бүх шинжлэх ухаанд нэвтрэх анхдагч түлхүүр бидний хөгжлийн гол суурь нь эх хэл юм.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  “Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолын 1.2 дахь заалт “Ерөнхий боловсролын сургууль төгсөгч их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх”-ын дагуу анх 2014 оноос зохион байгуулсан.

   Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.7 дахь заалтын дагуу Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэлбичгийн шалгалт”-д заавал хамрагдана. Энэхүү шалгалт нь нэг жилд хоёр удаа зохион байгуулагддаг ба эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй шалгуулагч, эсвэл 400 онооноос бага оноо авсан шалгуулагч оноогоо ахиулах зорилгоор дараагийн шалгалтад хамрагдаж болдгоороо давуу талтай. Монгол хэлбичгийн шалгалт нь  үнэ төлбөргүй бөгөөд шалгуулагчдад батламж хуудас олгодог. Монгол хэлбичгийн шалгалт нь сонгож өгөх Монгол хэлний хичээлийн шалгалтаас тусдаа шалгалт юм.

    Шалгалтын блюппринтийн агуулгыг Боловсролын хүрээлэнтэй хамтарч тогтоодог ба дараах 4 агуулга шалгалтад багтдаг. Үүнд:

  • Уншаад ойлгох чадвар: Эхийг уншаад ойлгох чадварыг сорихдоо 700-800 үгтэй бүрэн хэмжээний эхийг уншаад танил ба танил бус үгийн утгыг эхийн хам бүтцээс олж тайлбарлах, зохиолын өгүүлэгдэхүүнийг бүтцээр задалж, үйл явдлын орчин, дүрийн зан төрх, бодол санаа, үйл хөдлөл, үг яриаг анхааран унших замаар зохиолын агуулгыг нарийвчлан ойлгож, сэдэв гол санааг тодорхойлон, үзэл бодлоо илэрхийлж чадаж байгаа эсэх
  • Зөв бичгийн дүрмийн мэдлэг: Монгол хэлний зөв бичгийн дүрмийн холбогдол бүхий даалгавар
  • Монгол бичгээр унших болон хөрвүүлэн бичих чадвар: Монгол бичгээр бичсэн бичил эхийг кирилл бичигт хөрвүүлэх
  • Өөрийгөө илэрхийлэх буюу Эх зохион найруулан бичих чадвар

   Монгол хэлбичгийн шалгалтыг өгөхийн тулд хүүхдүүд хичээлдээ анхаарч, багш нар хичээлээ илүү үр дүнтэй зааж, эцэг эхчүүд  үр хүүхдэдээ шаардлага тавьж   байгаа нь эх хэлнийхээ дархлааг сайжруулахад оруулж байгаа хувь нэмэр, оролцоо гэж харах нь зүйтэй.

   2015 онд Монгол хэлбичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтож, тус шалгалтыг гурав болон дөрөвдүгээр сард зохион байгуулж байсан бол 2016-2018 онд босго оноогүй, 2019 оноос босго оноотойгоор шалгалтыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо болох 400 оноог шалгуулагч давсан тохиолдолд хүүхдүүд их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болж байгаа юм.

   ЕБС төгсөж буй суралцагч ойролцоогоор 600-700 үгтэй эх зохиол уншаад түүнийг хэрхэн ойлгосноо илэрхийлэх чадвар, ойролцоогоор 40-50 үгтэй бичлэг дотроос түгээмэл хэрэглэгддэг зөв бичгийн дүрмийн алдааг олж илрүүлээд түүнийг зөв болгон бичих, монгол бичгээр хөрвүүлэх болон өөрийн үзэл бодлыг эх зохион бичихдээ тусгаж байгаа байдал нь монгол хүүхэд бүрт байх наад захын чадвар юм. Монгол хүн бүр эх хэлээ мэддэг, дээдэлдэг байх учиртай.

  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын 2.1. дэх заалт “2025 оноос төрийн албан хэргийг кирил болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн зарласан билээ.