Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

eec.mn2020-12-07

   Хүн амьдралдаа алхам тутамдаа сонголт хийх шаардлагатай байдаг. Түүний дотор хамгийн чухал сонголт бол мэргэжил сонголт юм. Мэргэжлээ зөв сонгох нь таны аз жаргалтай, амжилттай амьдралын үндэс билээ.

  Дэлхий дээр шинээр мэргэжил, ажлын байрууд үүсч нэмэгдэж байгаа ч зарим мэргэжлүүд үгүй болсоор байдаг тул мэргэжлээ хэрхэн зөв сонгох нь хялбар зүйл биш юм. Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил эрэлт хэрэгцээтэй болон илүүдэлтэй байгаа мөн тухайн мэргэжлээр төгсөөд ямар ажил хийх зэргээ судалж мэдэхгүйгээр зөвхөн дээд боловсролын төлөө сэтгэлийн хөөрлөөр их дээд сургуульд элсэн суралцаж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо эхлээд энэ мэргэжил таны хувьд ямар утга учир, ач холбогдолтой вэ? Сонгосон мэргэжилдээ өөрийн чадавх боломжоо бүрэн дүүрэн зориулж чадах уу? хэмээн сайтар бодох хэрэгтэй.

   Мэргэжлээ зөв сонгохын тулд юуг анхаарах шаардлагатай вэ? Үүнд:

  1. “Сайхан мэргэжил – Эрэлт хэрэгцээтэй” гэж зөвхөн нэг өнцгөөс харан ойлгож, сэтгэлийн хөөрлөөр хандаж сонголт хийснээс эзэмшсэн мэргэжилдээ эргэлзэх, дургүй болох, авъяас чадвар дутагдах, ажил хөдөлмөрөөрөө бахархах бахархал буурах зэрэг таагүй үр дагавар гарч болох талтай. Ээж аавынхаа сонго гэснээр эсхүл найз нь ямар мэргэжил сонгож байгаатай нийцүүлж мэргэжлээ сонгож болохгүй. Иймд сайтар ярилцаж, эцэг эх, багш нар хүүхдээ зөв ойлгож, сонголтоо зөв хийхэд нь дэмжлэг үзүүлэх нь чухал. Мэргэжил сонгох нь ямар нэгэн сургуульд элсэн орох тухай асуудал биш хүний амьдралын ирээдүйн хувь заяаг тодорхойлдог учраас ажил мэргэжлээ сонгох шийдвэр гаргах үйл явцад ихээхэн ул суурьтай, нухацтай хандах шаардлагатай. Иймээс мэргэжлийн тухай мэдээллийг авах явцдаа түүний нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудыг судалж мэдсэн байх чухал юм.
  2. Мэргэжлийн талаар судлан тодорхой ойлголт төсөөлөлтэй болох нь чухал. Хүүхдүүдийн дунд тохиолддог түгээмэл бэрхшээлийн нэг бол мэргэжлийн тухай ойлголт төсөөлөл хангалтгүй буюу алдаатай байдаг явдал юм. Оросын эрдэмтэн сэтгэл зүйч Е.А.Климов мэргэжлийг үйл ажиллагааных нь онцлогоор 5 бүлэгт хувааж үзсэн байдаг.

           Хүн – Хүнтэй харилцдаг мэргэжлүүд /багш, эмч, цагдаа гэх мэт/

           Хүн – Техниктэй харилцдаг мэргэжлүүд /инженерийн чиглэлийн мэргэжлүүд

           Хүн – Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /малын эмч , биологич, ой судлаач гэх мэт/

           Хүн – Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /нягтлан бодогч, программ хангамж гэх мэт/

           Хүн – Уран сайхны дүртэй харьцдаг мэргэжлүүд /зохиолч, жүжүгчин, дуучин гэх мэт/

  1. Өөрийнхөө сэтгэл зүйн хувийн онцлог талууд, хүсэл сонирхол, авъяас чадамжуудыг судалж таних нь өөрийнхөө илүү хийж чадах боломжтой, авъяас нөөцөд тохирсон мэргэжлээ сонгох юм. Таны өөрийгөө үнэлэх үнэ цэнэ, сонирхол, чадвар болон авъяасууд зэрэг нийлж бие хүний онцлог шинжийг тодорхойлдог. Тухайлбал хэл ярианы чадвар сайтай, эелдэг уриалгахан, нийцтэй зан чанартай, бусдын сэтгэл санааг ойлгож чаддаг мэдрэмжтэй, биеэ эзэмдэн хянах тэсвээр тэвчээртэй, өөдрөг үзэл бүхий хүн бол “Хүн – хүнтэй” харилцдаг мэргэжлийг эзэмшихэд илүү тохиромжтой.
  2. Өөрт тохирох мэргэжлүүдийн жагсаалт гарган жагсаалтаас хэд хэдэн мэргэжлийг түүж аваад тухайн мэргэжлээр сурч төгссөн, ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцон, дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Зарим хүүхдүүд хаана хандаж, хэнээс тусламж зөвлөгөө авахаа сайн мэддэггүй. Ялангуяа өөрийнхөө талаар илүү мэдээлэл баримжаа авах, ур чадвараа нээн илрүүлэх, таних, авъяас чадамж, онцлогуудаа мэдэх хэрэгтэй.
  3. Мэргэжил бүхэн тодорхой авъяас чадвар, нөөц боломжууд, сэтгэл зүйн онцлог шинж чанаруудыг бие хүнээс шаардаж байдаг. Иймээс сонгох гэж байгаа мэргэжил маань ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг чадамж, авъяас сонирхол, хүсэл тэмүүлэл, сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг шаарддаг болохыг урьдчилан мэдсэн байх шаардлагатай. Үүний тулд сайн судлах хэрэгтэй. Тухайн мэргэжлээр цаашид ажиллахад ямар санагдаж байна гэдгээ мэдсэнээр сонголт хийхэд тань улам дөхөм болох юм. Таны сонгосон мэргэжилд таниас ямар чадвар, мэдлэг шаардаж байна, түүнийг бий болгоход юунд суралцах болон өөрийгөө өсөн нэмэгдүүлэх хэрхэн хөгжүүлэх зэргээр зорилгоо тодорхойлон үйл явцын төлөвлөгөө гаргаарай. Төлөвлөгөө гаргах нь маш чухал гэдгийг санаарай.
  4. Дээрхи алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ? гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог төрийн болон төрийн бус маш олон сургуулиуд байгаа. Мэргэжилтэн бэлтгэдэг боловсон хүчний хэрэгцээ, чадамж, материаллаг бааз, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж зэрэг зүйлсийг харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал.