Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ОРХОН АЙМАГТ БАЙГАЛИЙН УХААНЫ НЭГДМЭЛ АГУУЛГЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛНА

eec.mn2018-03-21

Улаанбаатар хотод болж өнгөрсөн “Ирээдүйн эзэд” Байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиадыг Орхон аймагт зохион байгуулах гэж байна. Ингэхдээ амжилттай туршсан мэдээллийн технологийг мөн ашиглах юм. Олимпиадад оролцогчдын материалыг хураан авмагцаа засагч машинд уншуулж, дүнг таван минутын дотор танилцуулан, алт, мөнгө, хүрэл медальтнуудыг газар дээр нь шалгаруулан, шагнасныг орон даяар шууд бичлэгээс үзсэн билээ. Энэхүү цахим шилжилтийг боловсролын салбарт нэвтрүүлэхээ холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ санаачилж, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгээр технологийн дэвшлийг орон нутагт нэвтрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Орхон аймагт ирэх дөрөвдүгээр сарын 02-нд “Эрдэнэтийн ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиадыг зохион байгуулахаар бэлтгэж эхэллээ.
БСШУСЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төвийн зохион байгуулж буй уг олимпиадад Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ЕБС тус бүрээс төгсөх ангийн таван шилдэг сурагчдыг оролцуулах юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ.
Сурагчдыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 03 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цаг хүртэл БҮТ-иийн www.olympiad.eec.mn хаягаар бүртгэнэ. “Эрдэнэтийн Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад 4-р сарын 02-ны өдөр 09:00 цагт Орхон аймгийн Хангарьд спорт цогцолборын зааланд болох ажээ. Шалгалт дуусмагц дүнг том дэлгэцээр зарлаж, эхний байруудад орсон сурагчдад шагнал гардуулах юм. Мөн сурагчаа амжилттай бэлтгэсэн Заах аргын нэгдлийг мөнгөн шагналаар урамшуулах юм.
БҮТ-ийнхөн мэдээллийн технологийг ашиглаж ил тод, шуурхай зохион байгуулсан олимпиадаараа олны талархлыг хүлээсэн бол одоо хоёр дахь удаагаа Эрдэнэтэд шинэ технологио нэвтрүүлэх гэж байна.
Аливаа олимпиад, уралдаан, ЭЕШ-ыг мэдээллийн технологийн энэхүү дэвшлийг ашиглан зохион байгуулах нь цаг хугацаа, мөнгө хэмнэж, хүнд суртал, элдэв хардалт, авилгыг арилгаж салбарын шинэчлэлийн эхлэлийг тавих юм гэж албаны хүмүүс төдийгүй багш, эцэг эхчүүд, сурагчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 91929112 дугаараас лавлана уу.

ЭРДЭНЭТ ХОТЫН ХӨГЖИЛ БОДЛОГО СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН