Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

СЭЛЭНГЭ АЙМАГТ “ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

eec.mn2017-11-26

Боловсролын үнэлгээний төв нь Сэлэнгэ аймагт 2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 12-ний өдрүүдэд дараах чиглэлээр ажиллаа. Үүнд:

*      “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй”

*      “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь”

*      ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт

*      ЭЕШ-ын урьдчилсан сорилго зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан.

 

1)    “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 34 сургуулийн нийт 98 математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүд хамрагдлаа. Сургалт нь лекц болон дадлага ажил гэсэн холимог хэлбэрээр зохион байгуулагдлаа. Нийт 3 хоногийн хугацаанд үр дүнд суурилсан үнэлгээ, блупринт боловсруулах, түүний ач холбогдол, даалгаварт хөтөлбөрийн агуулга талаас хэрхэн шинжилгээ хийх, эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур, хариултын хувилбар боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаар багш нарт сургалтыг зохион байгуулсан.

   2)  Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад нийт 98 багш, арга зүйч, эрхлэгч нар хамрагдсан ба аймгийн төвийн цэцэрлэгийн багш нарын ажилтай танилцаж, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулсан. Сургалт нь багш нарын сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх арга барилыг сайжруулж үнэлгээний чанарт ахиц гаргах, нэгдсэн чиглэл өгөх, шинэлэг мэдээллээр хангах, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой байв. Сургалтаар орон нутгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, цэцэрлэгийн үзэл баримтлал болон сургалтын хөтөлбөр боловсруулсан байдал, хүүхэд бүрийн үнэлгээний баримтжуулалттай танилцан зөвлөн тусалж, тэдгээрийг цаашид сайжруулах арга зам, хүүхэд нэг бүрийг оношлох, хүүхдийн гарааны болон ахицын үнэлгээний локал програмыг ашиглах, хүүхдийн үнэлгээний мэдээллийг анги тус бүрийн болон цэцэрлэгийн хэмжээнд нэгтгэн дүгнэх, улсын дунджийг тогтоох судалгааны ач холбогдол болон түүний ашиглалтын талаар үндсэн мэдээлэл өглөө. Сургалтыг лекц, дадлага ажлыг хослуулах байдлаар явуулав. Сургалтад хамрагдсан багш, эрхлэгч, арга зүйч нар сургалт явуулсанд нэн талархалтай байсан бөгөөд их зүйлсийг сонсож мэдсэн, хийж сурснаа илэрхийлж байлаа. Нийтлэг байдлаар авч үзэхэд цэцэрлэгийн багш, удирдлагуудын Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрмэлзэл, зүтгэл чармайлт өндөр, хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээг өөрсдийн хэр хэмжээнд хийж гүйцэтгэсэн байв. Цаашид багш нар бичиг цаасны ажилд түлхүү анхаарахаас илүүтэй өдөр тутмын үйл ажиллагаагаа бэлтгэл сайтай чанартай явуулах, явуулсан үйл ажиллагаанудынхаа үр дүнд дүгнэлт сайн хийж, улам сайжруулж байх, элдэв самбар, наасан зүйлсээс илүүтэй хүүхэд бүр бие даан гүйцэтгэх боломжтой тоглоом, дасгал даалгаврын хэрэглэгдэхүүн бэлтгэж, тэдгээрийг ашиглах аргачлалыг боловсруулан хүүхдийн гарт өгөх, хүүхдийн хөгжлийн баримжуулалт болох хүүхэд тус бүрийн Хувийн хавтсын бүрдүүлэлт, Чөлөөт ажиглалтын тэмдэглэлийг бодитой хийж, улам сайжруулахад анхаарах шаардлагатай. Цэцэрлэгүүд болон багш нарын ололт, амжилт, цаашид анхаарч сайжруулах зүйлсийг фото зургаар баримтжуулан сургалтын явцад ашигласан нь багш нар сургалтын агуулгыг бүрэн ойлгох, багш нар эргэлзэж байсан зүйлсдээ цэгцтэй, нэг мөр ойлголт авахад ихээхэн ач холбогдолтой байлаа.

3) ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт сэдвээр аймгийн төвийн ерөнхий боловсролын 7 сургуулийн 12 дугаар ангид суралцаж буй нийт 300 гаруй суралцагчдад Элсэлтийн ерөнхий шалгалт, түүний бүтэц, зохион байгуулалт, анхаарах зүйлс болон хичээлт сонголт – мэргэжил сонголтын хоорондын хамаарал, ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

1)    ЭЕШ-ын урьдчилсан сорилгыг математик, монгол хэл, англи хэл гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийт 298 суралцагч хамрагдсан. Тус сорилго шалгалтын үр дүнг аймгийн хэмжээнд авч үзлээ.

 

Шалгалтын нэр

Шалгуулагчдын тоо

Анхны онооны дундаж

Математик

97

22.8

Монгол хэл

102

43.7

Англи хэл

99

40.1

 

Шалгалтын үр дүнгээс харахад Сэлэнгэ аймгийн математикийн сорилго шалгалтад хамрагдсан шалгуулагчдын анхны онооны дундаж 22.8, монгол хэлний шалгалтын дундаж 43.7, англи хэлний дундаж 40.1-той гарсан байна. Сорилго шалгалт зохион байгуулахын давуу тал нь 12 дугаар ангид суралцаж буй суралцагч өөрийн гарааны үнэлгээг мэдэж авснаар цаашид өөрийгөө бэлтгэх, шалгалтаа амжилттай өгөх зэрэгт үнэтэй ач холбогдолтой юм.