Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ОЮУТНЫ ХӨТӨЧ-2013” НОМОО ҮНЭГҮЙ ТАТАЖ АВААРАЙ

eec.mn2013-06-25
Анх 2007 онд Монгол улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 65 жилийн ойг угтан “Оюутан” цуврал номыг эрхлэн хэвлүүлж байсан билээ. Монголын Оюутны Холбооноос жил бүр эрхлэн хэвлүүлдэг энэхүү номын буухиа тасралтгүй 7 жил үргэлжилсээр 2013 онд “Оюутны хөтөч” нэртэйгээр олны хүртээл болоход бэлэн болжээ. (Оюутны хөтөчөө энд дарж татаж авна уу.)
Будаг нь ч хатаагүй шинэхэн номоо олон нийтэд танилцуулж буй номын баг Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр 10000 оюутанд уг номоо үнэ төлбөргүйгээр хүргэх болсондоо баяртай байна.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөн их дээд сургуулийн босгыг алхан  орж буй элсэгчдийн өмнө олон бэрхшээл тулгардаг. Энэхүү бэрхшээлүүдийг даван туулж бэрхшээл бүрийг боломж болгон хувиргахад “Оюутны хөтөч 2013” номын “Боловсролын хөтөч”, “Амьдралын хөтөч”, “Эрүүл мэндийн хөтөч”, “Чөлөөт цагийн хөтөч” бүлгүүд туслана гэдэгт итгэлтэй байна.

“Боловсролын хөтөч” бүлэгт амжилттай суралцахад тус болох зөвлөлгөөнүүд, бие даан суралцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжит газруудын мэдээлэл, оюутны үндэсний тэтгэлэг болон бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи мэдээлэл, гадаадад суралцах гарц, гадаадын топ 20 их дээд сургууль, түүнд суралцахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй тусгасан аж.

Харин “Амьдралын хөтөч” бүлэгт оюутанд нэн шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх талаар болон хөдөлмөр эрхлэх талаарх зөвлөлгөө, дотуур байр, нийтийн тээврийн хөнгөлөлтийн талаархи мэдээлэл, оюутны эрсдлийн даатгал, бүх төрлийн хөнгөлөлтийн картын талаархи мэдээлэлийг багтаасан байна. Номоо энд дарж татаж авна уу.

“Эрүүл мэндийн хөтөч” бүлэг нь оюутан суралцагчдад эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх зөвлөлгөөнүүд, спортоор хичээллэхэд туслалцаа үзүүлэх фитнесс төвүүд, спортын клуб, холбооны танилцуулга, эрүүл мэндийн лавлах утаснуудын мэдээлэл зэргээс бүрджээ.

Оюутан суралцагчид маань идэвхитэй суралцаж, амьдралын асуудлуудаа шийдвэрлэж, эрүүл мэнддээ анхаарал тавихын хажуугаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Иймээс номын баг “Чөлөөт цагийн хөтөч” бүлэгт аялал зохион байгуулж болох Монгол орны үзэсгэлэнт газруудын мэдээлэл, Улаанбаатар хотод байрлаж буй музей үзвэрийн газрын танилцуулга, залуу хүний унших ёстой 100  ном, үзэх ёстой 100 киноны товч хураангуй гэх зэрэг сонирхолтой мэдээллүүдийг багтаасан байна.

Уг номын өөр нэгэн сонирхолтой бүлэг нь “Оюутны мэдээллийн багц” бүлэг юм. Энэ бүлэгт дээд боловсролын салбарын үзүүлэлтүүд, оюутны суурь судалгааны мэдээллүүдийг сонирхолтой график хэлбэрээр дэлгэн үзүүлжээ. Мөн түүнчлэн их дээд сургуулиудын танилцуулга, оюутны бүтэн жилийн хуанли уг номонд багтсан байна.

            “Оюутны хөтөч 2013” ном нь цахим ба хэвлэмэл хэлбэрээр оюутан суралцагчдад хүрэх бөгөөд цахим номын их дэлгүүр  www.inom.mn, Монголын Оюутны холбооны www.student.org.mn, Боловсрол, шинжлэх ухааны яамны www.mecs.gov.mn, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn, Оюутан залуусын мэдээллийн портал www.oyutaninfo.mn  сайтуудаас үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой юм. Оюутны хөтөчөө энд дарж татаж авна уу