ЮНЕСКО-ийн Бангкок дахь салбарын олон улсын зөвлөхийн Монгол улсын боловсролын үнэлгээний тогтолцоонд хийсэн шинжилгээний тайланд үнэлгээний талаарх багш нарын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, үнэлгээний олон төрлийн аргазүйд сургах, багш бэлтгэх сургуулийн хөтөлбөр болон багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт үнэлгээний агуулгыг онцгойлон анхаарч тусгахыг зөвлөсөн байна. Энэхүү олон улсын зөвлөхийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Боловсролын үнэлгээний төвөөс Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “Боловсролын үнэлгээ, аргазүйн зөвлөмж” номыг бэлтгэн гаргаж байна.
Уг гарын авлагад боловсролын үнэлгээний төрөл хэлбэр, тестийн даалгаврын төрөл тэдгээрийг боловсруулах аргазүй болон даалгаврын чанарт шинжилгээ хийх аргачлалыг дэлгэрэнгүй тайлбарласан болно. ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс гадна боловсролын бодлого боловсруулагч байгууллагын ажилтнууд, боловсролын мэргэжлийн байгууллагын албан хаагчид, боловсролын үнэлгээний чиглэлээр судалгааны ажил хийдэг болон энэ чиглэлээр суралцах, мэргэших сонирхолтой хүмүүс боловсролын үнэлгээ, хэмжилзүйн суурь ойлголтыг тус гарын авлагаас олж авах боломжтой юм. Тус гарын авлагыг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд хэвлэн гаргалаа.