Их, дээд сургууль коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв бэлтгэлыг ханган ажиллаж байна.
2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2903 нь өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна.
Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.
ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэж авна. уг хуудсан дээр шалгуулагчийн шалгалтын төвд ирэх хугацаа, “нэвтрэх хэсэг”-ийн дугаарыг нарийвчлан заасан байна.
Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, биед үзлэг хийх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагааны дараалал, шалгалтын орчинд тавигдах шаардлага, заавар зөвлөмжийг боловсруулан холбогдох газар, хэлтэсүүдэд хүргүүлсэн байгаа.
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Бүртгэлийн хуудас;
2. Суудлын хуваарь;
3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2020 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/;
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшснийг гэрчлэх баримт бичиг.
Дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс тусгай цахим хаягаар ”LIVE”-аар мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.
БҮТ-ийн албан ёсны мэдээллийн сувгууд “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, http://help.eec.mn/ цахим зөвлөх, https://www.facebook.com/eec.mn/ page хуудас, лавлах утас 70119498. 75779498
Эх сурвалж: https://www.facebook.com/eec.mn/videos/1050300458699305/