“СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/280 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ын 3, 4 дүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-г 2022-2023 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцах бүх суралцагчийг хамруулан 2022 оны 09 дүгээр сарын 12-оос 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээнд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчид, харин асуулга судалгаанд тэдний эцэг эх, асран хамгаалагч, 2022 онд сургуулийн өмнөх боловсролын бэлтгэл бүлэг төгсгөсөн багш, арга зүйч, эрхлэгч хамрагдана.
Энэ ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдвээр цахим сургалтыг 2022 оны 08 дугаар сарын 29 болон 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад БШУГ, НБГ-ын бага, сургуулийн өмнөх боловсрол, биеийн тамир, хөгжмийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, арга зүйч, ЕБС-ийн сургалтын менежер, 1-р ангийн бүлгийн багш, 1-р ангид хичээл заах биеийн тамир, хөгжмийн багш нарын бүрэлдэхүүнтэй нийт 4000 гаруй хүн оролцож байна.
Сургалт нь дараах суралцахуйн чиглэл, агуулгын хүрээг хамарна.
Нэгдүгээр ангийн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг сургуульд суралцах шаардлагатай чадвар, дадал, хандлагыг Хэл яриа, Математикийн энгийн төсөөлөл, Хөдөлгөөн, эрүүл мэнд, Байгаль, нийгмийн орчин, Нийгэмшихүйн хөгжил, Хөгжим, Дүрслэх урлаг гэсэн 7 суралцахуйн чиглэлээр болон түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгын хэлбэрээр тус тус үнэлэх үнэлгээний даалгаврын арга зүй, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.