Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн санхүүжилтээр БШУЯ, БҮТ-өөс “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг танилцуулах, шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” цахим сургалтыг 2021 оны 12-р сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг цахим сургалтад аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын 2884, Түүх, нийгэм судлалын 904, Англи хэлний 2719, Хөгжмийн 953, Биеийн тамирын 987, Математикийн 1960, Орос хэлний 555, Физикийн 839, Биологи, эрүүл мэндийн 924 багш, нийт 9 судлагдахууны 12721 багш, Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Цахим сургалтын онцлогоос хамаарч сургалтад хамрагдаж буй багш нарыг төвлөрсөн байдлаар хамруулах зохион байгуулалтыг хийхэд орон нутгийн Боловсролын газар, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран ажиллаж байна. Ингэснээр тухайн мэргэжлийн бүх багшийг нэг дор төвлөрүүлэн хамтдаа мэдээллээ сонсох, дадлага ажлаа хамтран хийж, хэлэлцүүлэх боломж бүрдүүлсэн юм.
2022 оны 01 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд бага анги, газар зүй, хими, мэдээллийн технологи, дүрслэх урлаг, дизайн технологи зэрэг судлагдахууны багш, мэргэжилтнүүдэд зориулсан цахим сургалтыг зохион байгуулна. Цахим сургалтад нэвтрэх холбоос, нууц үгийг аймаг, нийслэлийн боловсролын газраас сургалтад оролцох багш, мэргэжилтнүүдэд хүргэх болно.