Монгол улсад сурлагын амжилт, бүх шатны боловсролын сургалтын чанарт үнэлгээ, судалгаа хийх мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 15 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг энэ байгууллагын түүхийг бүтээлцсэн боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид, суралцагчид, оюутан залуус, харилцагч байгууллагын хамт олондоо БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн хамт олны өмнөөс болон хувиасаа хүргэж, эрүүл энх, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Шинэ тулгар байгуулагдсан манай байгууллагын тулгын чулууг өрөлцөж, хөгжлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, мэргэжилтнүүдийн маань бүтээлч санаачилга, нөр их хөдөлмөрийн үр дүнд жил жилийн онцлогт нийцүүлэн дэвшүүлсэн зорилго, зорилтууд амжилттай хэрэгжиж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгааг бахдан дуулгахад таатай байна.
Өнгөрсөн хугацаанд сурлагын амжилт тогтоох, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлэх “Математик, англи хэлний сурлагын амжилт тогтоох судалгаа”, “Математик нийгмийн ухааны сурлагын амжилтыг үнэлэх судалгаа”, Олон улсын бага, суурь боловсролын байгалийн ухааны TIMSS судалгаа, “Бага боловсролын үндэсний судалгаа”-г тус тус амжилттай зохион байгуулсан бөгөөд “Боловсролын чанарын үнэлгээний судалгаа”, “Дээд боловсролын элсэлт, төгсөлтийн чанарын судалгаа”, СӨБ-ын түвшинд “Хүүхдийн хөгжлийн судалгаа”-г 2014 оноос эхлэн тогтмол зохион байгуулж байна.
Жил бүрийн Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт, их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт, ЕБС төгсөгчдөөс авах Улсын шалгалтыг тус тус амжилттай зохион байгуулсаар ирлээ.
Боловсролын үнэлгээний төв нь гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэргэжилтнүүдийн ур чадвар, хүний нөөцийн асуудалд ихээхэн ач холбогдол өгөн ажилласан бөгөөд Тайланд дахь Ази номхон далайн боловсролын чанарыг хянах сүлжээнээс “Ази номхон далайн орнуудын боловсролын чанарын үнэлгээг сайжруулах” хөтөлбөр, Монгол Кембрижийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын чанарын үнэлгээг боловсронгуй болгох” хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Боловсролын чанарын үнэлгээнд тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгах нь” хөтөлбөр, АНУ-н Брүүкингс институттэй хамтран XXI зууны чадварыг хөгжүүлэх “ Бүх нийтийн үнэлгээг оновчтой болгох нь” төсөл, Дэлхийн банкны “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Бага боловсролын чанарын үнэлгээг сайжруулах” төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэл“ төслийн хүрээнд “Дээд боловсролын чанарын үнэлгээ”, “JICA” олон улсын байгууллагатай хамтран “Суралцахуйг дэмжих, мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн манай байгууллага нь Дэлхий нийтийн даяарчлал, инновацийн хөгжингүй эрин үед боловсролын үнэлгээний арга зүйд мэдээлэл технологийн шилдэг шийдлүүдийг туршин нэвтрүүлсээр байна. Тухайлбал:
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2006 оноос эхлэн Мэдээллийн технологийг ашиглан технологийн өндөр түвшинд зохион байгуулж ирлээ.
- Улсын шалгалтыг нээлттэй даалгаврын сангаас зохион байгуулж, даалгаврын жишиг, нээлттэй сан бий болголоо
- Шалгалт, судалгааны үр дүнг ашиглан эргэх холбоог бий болгон улс, аймаг, сум, сургууль, бүлгийн түвшинд даалгаврын дүн шинжилгээг хийх боломжтой ухаалаг тайлангийн системийг нэвтрүүллээ.
- Хиймэл оюун ухаан ашиглан даалгаврын чанарыг сайжруулах судалгааны ажлыг эхлүүлээд байгаа нь Монгол улсын боловсролын салбарт төдийгүй олон улсын түвшинд мэдээллийн технологийн нэвтрүүлэлтээрээ Манлайлж эхэлснийг дуулгахад таатай байна.
Манай байгууллага, хамт олон ололт амжилтаа улам бататган, тавьсан зорилт, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж, боловсролын салбарын өмнө хүлээсэн хүндтэй үүргээ нэр төртэйгөөр биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэнд боловсролын үнэлгээний байгууллага үүсэж хөгжсөн баярын өдрийн хамгийн халуун мэндийг дахин хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Ж.ГАН-ЭРДЭНЭ