ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ БУЮУ
ОЮУТНЫ СУРАХ ҮЙЛИЙН ҮНЭЛГЭЭ
(Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн жишээн дээр)
Д.Ганболд МУБИС, БС. МХНУ-ны тэнхимийн багш, магистр
Ө.Мягмарсүрэн МУБИС, БС. МБУ-ны тэнхимийн багш, магистр
Оршил
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байх болно.”[1] гэж тодорхойлжээ.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр БШУЯ-аас улс орон даяар “Боловсролын чанарын шинэчлэл” –ийг өрнүүлж байна. Монгол Улсын БШУ-ны сайд Л.Гантөмөр “ Монгол улсын боловсролын салбар 90 жилийн хугацаанд арвин их туршлага хуримтлуулан хөгжиж ирсэн түүхтэй. Одоо бид дэлхийд өрсөлдөх чанартай боловсролыг иргэддээ олгох зорилго тавин ажиллаж байна.” гэж шинэчлэлийн бодлогоо тодорхойлжээ.
Монгол улсын хувьд бүх шатны боловсролын чанар нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Боловсролын чанарын эцсийн үр дүнг үнэлгээ харуулдаг бөгөөд боловсролын бүх шатны байгууллагууд үнэлгээ хийдэг боловч энэ нь хувь хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, дадлыг илэрхийлж хараахан чадахгүй байна.
Үнэлгээг зорилгоор нь явцын, эцсийн гэж ангилдаг бөгөөд явцын үнэлгээ нь суралцах үйл ажиллагаа сайжруулахад хэрэглэх feedback болохуйц мэдээллийг суралцагч болон багшид өгч байх зорилгыг өөртөө агуулдаг байна.[2]
Багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулахад явцын үнэлгээ чухал ач холбогдолтой юм. Явцын үнэлгээ нь оюутан өөрийгөө үнэлэх (өөрийн үнэлгээ), бие, биенийгээ үнэлэх (чацуутны үнэлгээ), багш, оюутнаа үнэлэх гэсэн хэлбэрээр явагддаг бөгөөд эдгээр үнэлгээнүүдийн зорилго нь сургалтын явцад гарц байгаа амжилт болон алдаа дутагдлыг илрүүлж, оюутны суралцахуйг дэмждэг.
Явцын үнэлгээ нь оюутны хэрхэн сурч байгаа мэдээллийг цуглуулж, оюутанд өөрт нь зориулсан зөвлөгөөг өгдөг. Энэ нь оюутанг үнэлэхэд бодтой мэдээлэл чухал болохыг харуулж байна.
Онолын хэсэг
Үнэлгээ нь сурагчдын юу сурсныг тогтоох үйл явц бөгөөд явцын үнэлгээ (formative assessment), эцсийн үнэлгээ (summative assessment) гэсэн хоёр хэсгээс бүрддэг.
Явцын үнэлгээ (formative assessment) нь суралцах үйл ажиллагааны турш хийгддэг бол эцсийн үнэлгээ (summative assessment) нь суралцах үйл ажиллагааны тодорхой үеийн төгсгөлд хийгддэг байна.
Үнэлгээг боловсролын бодлого, тухайн сургууль, сургалтын хөтөлбөр, суралцагчийн талаар ямар нэгэн шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг цуглуулах процесс хэмээн тодорхойлдог. Өөрөөр хэлбэл боловсролын байгууллагын бүх түвшинд шийдвэр гаргахад үнэлгээгээр цуглуулсан мэдээлэл нь чухал үүрэгтэй байдаг.
Үнэлгээ, тест, хэмжүүр, үнэлж дүгнэх гэсэн нэр томьёог адил утгаар ойлгох тохиолдол элбэг байдаг бөгөөд эдгээр нь хоорондоо ялгаатай ч хамааралтай ойлголт юм гэж Питтсбургийн хүндэт профессор Антони Ж. Нитко, Декюзэний их сургуулийн профессор Сюзан М. Брүүкхарт нар “Суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүй” номондоо бичсэн байна.
Үнэлгээ нь боловсролын бодлого, тухайн сургууль, сургалтын хөтөлбөр, суралцагчийн талаар ямар нэгэн шийдвэр гаргахад шаардагдах мэдээллийг цуглуулах процесс бөгөөд харин тест бол тоон болон ямар нэгэн хэмжээсийг ашиглан суралцагчийн нэг ба хэд хэдэн шинж чанарыг хэмжих, илэрхийлэх системтэй арга хэрэгсэл юм. Хэмжүүр нь суралцагчдын эзэмшсэн чадварыг хэмжих зорилгоор тодорхой тоон утгыг ашиглан тухайн чадварт дүйцүүлэн оноох үйл явц бөгөөд бид ихэвчлэн оноо өгөх гэж тодорхойлдог. Үнэлж дүгнэх нь суралцагчийн гүйцэтгэл, үр дүнд үнэлэмж өгч, тодорхой байр сууринаас дүгнэлт хийх үйл явц юм. Эдгээр нь тус тусдаа ойлголт боловч үнэлгээ нь тест, хэмжүүр, дүгнэлтийг өөртөө агуулж байдаг.
Судалгааны таамаглал
Судалгаанд ЕБС-ийн 11-р анги төгсөгчдийн бүрэн дунд боловсролын гэрчилгээ буюу дүнгийн нэгтгэлийн мэдээллийг ашигласан бөгөөд түүвэрт хот хөдөөгийн 17 сургуулийн 1751 сурагчийн мэдээлэл хамрагдсан бөгөөд Монгол хэл, Уран зохиолын хичээлийн жилийн эцсийн шалгалтын үнэлгээгээр төгсөгчдийн 75-80% нь 80-аас дээш үнэлгээ авсан байна.
БШУЯ-аас яамнаас улс орон даяар зохион байгуулдаг ЭЕШ-ын гүйцэтгэлийн болон онооны дундажийг хүйсээр харьцуулсан дүн:
( Монгол хэл, уран зохиол )
№ |
хүйс |
Шалгуулагчдын тоо |
Гүйцэтгэлийн дундаж |
Хэмжээст онооны дундаж |
|||
2011 |
2012 |
2011 |
2012 |
2011 |
2012 |
||
1 |
эрэгтэй |
5960 |
6500 |
41,98 |
47,9 |
466,63 |
477 |
2 |
эмэгтэй |
11633 |
12074 |
49,47 |
52,8 |
517,19 |
511 |
Дээрх мэдээллээс гарсан үр дүнг ЕБС-ийн сургалтын системд ашиглаж байгаа стандарт үнэлгээнд шилжүүлэн тооцвол: стандарт хэрэгжилт-29,3%, боловсролын чанар-1,43% байна.[3]
Энэхүү үнэлгээний үр дүнгүүд нь Монгол улсын боловсролын байгууллагууд үнэлгээний нэгдсэн тогтолцоонд шилжиж чадаагүйг харуулж байгаа бөгөөд боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад элсэгчид тухайн сургуулийнхаа тавьж байгаа шаардлагад нийцэхгүй байх, улмаар нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй төгсөгчид олноороо төрж гарах нөхцөлийг бүрдүүлж байна.
Судалгааны үр дүн
Дээрх таамаглалын хүрээнд Багш бэлтгэдэг их сургуулийн үнэлгээг хэрхэн сайжруулж болох талаар судалгааны баг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд энэхүү судалгааны эхний үр дүнг танилцуулж байна.
Судалгаанд МУБИС-ийн Багшийн сургууль, СУИС, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Отгон тэнгэр” их сургуулийн оюутнууд (353) хамрагдсан.
Судалгаа 1
Судалгаа 1 |
хангалттай |
дунд зэрэг |
хангалтгүй |
Багшийн үнэлгээ хэр бодтой байдаг вэ? |
29% |
53% |
18% |
Судалгааны зорилго нь их, дээд сургуулийн багш нар оюутнуудыг хэр бодтой үнэлж байгааг илрүүлэх байсан бөгөөд тухайн хариултыг яагаад сонгох болсноо хариулж бичсэн. Судалгаанд хамрагдсан нийт оюутны 53% нь дунд зэрэг гэж үнэлсэн бөгөөд тэдний бичсэн зарим саналыг сийрүүлэн бичвэл:
Багш нарын үнэлгээ бодтой биш, заримдаа би яагаад ийм үнэлгээ авснаа ойлгодоггүй, яаж, хэрхэн үнэлэх шалгуур нь тодорхой биш, зарим оюутан өөрт нь зохиогүй дүн авдаг, тухайлбал ямар ч чадваргүй оюутан 90(A) үнэлгээ авч байхад, байнга хичээл номоо хийдэг мэдлэгтэй, бусдад хүндлэгдсэн оюутан 70(C) үнэлгээ авах жишээтэй.
Судалгаа 2
Судалгаа 2 |
тест |
амаар |
бие даалт |
бичгээр |
багийн ажил |
Үнэлгээний ямар хэлбэр оновчтой вэ? |
31% |
13% |
18% |
32% |
14% |
Судалгаа 3
Судалгаа 3 |
Багшийн ур чадвар |
Багшийн ёс зүй |
Оюутны мэдлэг, чадвар |
Сургалтын орчин |
Оюутны нийгмийн асуудал |
Үнэлгээнд нөлөөлдөг гол хүчин зүйл юу вэ? |
22% |
0,3% |
43,7% |
18% |
16% |
Тухайн хариултыг яагаад сонгох болсноо бичнэ үү. (оюутнуудын саналыг сийрүүлэн бичив)
Багш болгон бие даалт өгдөг учраас оюутан заримдаа ачааллаа дийлдэггүй, зарим оюутан мэдээллийн технологи ашиглах боломжгүй байдаг, сургуулийн номын сангийн ачаалал их, мэргэжлийн чухал ном уншлаганд гарсан байдаг, номын фондын хүчин чадал муу, оюутнууд байнга мөнгөний асуудалтай байдаг тул өлсдөг, замын түгжрэлээс болж хичээлээсээ хоцордог, сургалтын орчин муу, ширээ сандал хоёроос өөр зүйл ангид байдаггүй, зарим багш нар оюутантай ажиллахад арга зүйн хувьд дутагдалтай байдаг.
Судалгаа 4 |
мэдлэг |
чадвар |
ахиц |
бусад |
Багш үнэлгээндээ алийг нь чухалчлан үздэг вэ? |
44% |
26% |
11% |
19% |
Тухайн хариултыг яагаад сонгох болсноо бичнэ үү. (оюутнуудын саналыг сийрүүлэн бичив)
Судалгаанд хамрагдсан нийт оюутны 0,6 % нь багш нар царай зүс, эд хөрөнгө, танил тал (бусад) хардаг гэж үзсэн байна.
Бичил судалгааны үр дүнгээс харахад оюутнууд багш нарын үнэлгээнд (53% дунд зэрэг) сэтгэл хангалуун биш, нийт оюутны 31-32% нь тестээр буюу бичгээр шалгалт өгөх сонирхолтой, багш нар оютны зөвхөн мэдлэг (44%)-ийг үнэлдэг гэсэн судалгааны үр дүн гарчээ.
Энэ нь Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтад зөвхөн мэдлэгийг бичиг (тест)-р үнэлж дүгнэдэг арга зүй голлож байгаагийн тод илрэл юм. Үнэлгээний энэ арга зүй нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн хувьд тохиромжгүй болох нь судалгааны үр дүн, амьдралын туршлагуудаар батлагдаж байдаг. Тухайлбал: Багш бэлтгэдэг их, дээд сургуулийг өндөр үнэлгээтэй төгссөн боловч ажлын байранд тэнцдэггүй, хэрэглэгчдийн шаардлагад нийцдэггүй, багш шалгаруулан авах шалгалтад тэнцдэггүй. Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн үнэлгээ нь орц, гарц хоёр дээр илүү төвлөрч, хөгжил цааш үргэлжлэх үндсэн хөшүүрэг болсон үйл ажиллагааны явц дахь амжилт, алдаа оноог үнэлэх явцын үнэлгээг зохион байгуулах тал дээр үнэлгээний арга зүй дутагдалтай байгааг харуулж байна. Загвар1
Энэ мэт шалтгаануудын нь багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын үнэлгээний арга зүйг сайжруулах хэрэгцээ, шаардлага байгааг харуулж байна.
Загвар1
Явцын үнэлгээ
Орц Гарц
Оюутны суралцахуйг дэмжих
Багшийн арга зүй болон хөтөлбөр сайжрах үндэс
Явцын үнэлгээ
Дүгнэлт
· Монгол улсын боловсролын чанарыг сайжруулахын тулд үнэлгээний нэгдсэн тогтолцоог бий болгох. Өөрөөр хэлбэл бүх шатны боловсролын үнэлгээ нь залгамж холбоотой байх.
· Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутны мэдлэг, чадвар, хандлага, төлөвшлийг үнэлэхдээ, эцсийн үр дүн буюу оюутан тухайн үйлийг бодтойгоор зохион байгуулж, шийдвэрлэж чадаж байгаа эсэхийг илрүүлэх үнэлгээний арга зүйг нэвтрүүлэх.
· Явцын үнэлгээ нь оюутан, суралцагчдын суралцахуйг дэмжих, багшийн арга зүй болон хөтөлбөрийг сайжруулах үндэс, суурь болдог байх.
· Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутныг үнэлэхдээ, сэтгэл судлал, сурган, мэргэжлийн дидактикийн хичээлээр эзэмшсэн мэдлэгээ ашиглан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг цогц байдлаар үнэлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Ном зүй
1. О.Мягмар, “Сэтгэл судлал”, УБ, 2006 он
2. Ш.Ичинхорлоо, “Дээд сургуулийн сургалтын онол, арга зүй”, УБ, 2009 он
3. Ш.Ичинхорлоо, “Сургалт”, УБ, 2009 он
4. С. Батхуяг, “Боловсрол судлалын ерөнхий үндэс”, УБ, 1997 он
5. Пүрэвдорж.Ч.”Багшлахуйн менежмент”.Уб.,2010 он
6. БҮТ. “Бага боловсролын математик, унших чадварын үндэсний үнэлгээ-2008”.Уб., 2008 он
7. Ганболд.Д “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйн зарим асуудал”. Уб.,2013 он
8. Монгол хэл, уран зохиолын стандарт (Монгол улсын стандарт MNS 5420-13:2004).УБ.,2004 он
9. Black, Harrison, Lee, Marshall, William;’Working Inside the Black Box’,2004