Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ – 2017” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

eec.mn2017-04-04

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс иргэд, олон нийт, шалгуулагчдад зориулсан “Элсэлтийн ерөнхий шалгалт – 2017” нээлттэй өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 01-ны өдөр БСШУСЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн байранд амжилттай зохион байгууллаа.

Боловсролын үнэлгээний төв нь 2006 оноос эхлэн 12 дахь жилдээ Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Тус төв анх удаагаа  “Элсэлтийн ерөнхий шалгалт – 2017” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Х.Батсайхан, Нийслэлийн боловсролын газрын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Жаргалантуул нар оролцлоо.

Нээлттэй өдөрлөгийн хүрээнд иргэд, олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа явуулснаас гадна, ЭЕШ-ын сорил шалгалтыг зохион байгуулан дүн оноог газар дээр нь танилцууллаа.  Түүнчлэн “Мэргэжил сонголт болон ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл” сэдэвт лекцийг зохион байгуулсан нь сурагчдийн талархлыг ихээхэн хүлээлээ. Уг өдөрлөгийн талаар “ЭЕШ-д бэлдэхэд дөхөм болсон их гоё өдөрлөг болж байна. ЭЕШ-ын материал уншдаг машины ажиллагаа, ЭЕШ-н дэг юу юу авч орох ёстой, юу юу авж орж болохгүй гэх мэтчилэн олон зүйлийг таниулсан бүх талаараа ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо” гэж 49-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Энхцацрал хэллээ.

Нээлттэй өдөрлөгийн үеэр болсон нэг онцлог ажил нь өдөрлөгт ирсэн шалгуулагчдаас ЭЕШ-ын сорил шалгалтыг авч дүн оноог газар дээр нь мэдээлсэн явдал юм. Уг сорил шалгалтыг математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр авсан юм. Англи хэлний шалгалтад хамгийн өндөр оноог 40-р сургуулийн сурагч М.Хонгорзул, “Оюунлаг” сургуулийн сурагч М.Чинсанаа. Математикийн шалгалтад хамгийн өндөр оноог “Шинэ өнөөдөр” сургуулийн сурагч Г.Манлайбаатар, “Оюунлаг” сургуулийн сурагч Б.Энх-Амгалан. Нийгмийн ухааны шалгалтад хамгийн өндөр оноог сурагч Д.Түвшинсайхан, “Оюунлаг” сургуулийн сурагч Ө.Уянга нар авлаа. “Өдөрлөг бол олон хүүхдүүдийг хамарсан, нэлээд том үйл ажиллагаа болж байна. Яг хэрэгтэй цагтаа энэхүү өдөрлөгт ирсэндээ маш их баяртай байна. ЭЕШ ямархуу явагддаг, ямар алдаа гарахаас сэргийлэх талаар мэдэж авсан. Энэ жилийн хувьд монгол хэл, англи хэлний хичээлээр сонсголын даалгавар орж ирж байгаа нь урьд урьдын жилийнхээс өөр болж байгаа юм байна. Сорилго өгөөд шалгалтын үргэлжлэх хугацааг тооцоолох хэрэгтэйгээ мэдэж авлаа. Хугацаагаа зөв төлөвлөх, өдөр болгон өөртөө давтлагын хуваарь гаргах, хэт ачаалал авалгүй хоёр цаг хичээллээд амрах гэх мэт зөв менежменттэй бэлдээрэй гэж үеийнхэндээ хэлье” гэж Баянгол дүүргийн 47-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төмөрбэх ярьсан юм.

 

 

“Манай хамт олон ЭЕШ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах зорилтын хүрээнд дараах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ харах боломжтой дэвшилтэт шилэн технологийг туршиж үзэж байна. Ингэснээр ирэх жилүүдэд улсын хэмжээнд шалгалт өгөх бүх төвүүд дээр уг технологийг бүрэн нэвтрүүлнэ. Өмнө нь шалгуулагч ЭЕШ-ын дүнгээ 14 хоногийн дараа мэддэг байсан бол шалгалт өгсөн даруйдаа шалгалтынхаа дүнг харах, мэдэх боломжтой болох юм. Шалгалтын материал засах, үнэлэх үйл явц болон шалгуулагчдын дүн оноог шалгуулагчид, тэдгээрийн эцэг эх, анги удирдсан багш, хичээл заадаг багш нарт дэлгэцээр харуулна. Тэрхүү дэлгэц дээр шалгуулагчийн бүртгэлийн дугаар, авсан оноо нь харагдах юм” гэж Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ ярилаа. Мөн тэрээр ЭЕШ-д зориулсан нээлттэй өдөрлөгийг нийслэлд болон хөдөө орон нутагт тогтмол зохион байгуулна гэж хэлж байсан юм.

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-ний 9 цагаас эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ын 12-р ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Түүнчлэн гадаадад ЕБС төгссөн болон өмнөх оны төгсөгчид нийлээд 40 мянга орчим элсэгч ерөнхий шалгалт өгөх төлөвтэй байгаа юм.

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусна. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.