Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН АХИЦЫН ҮНЭЛГЭЭ

eec.mn0208-09-27

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр дэх хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээний арга нь ажиглалт бол чөлөөт ажиглалт, хувийн хавтас, нарийвчилсан бүтэцтэй ажиглалт (ажиглалтын хуудас) гэсэн гурван хэлбэртэй.

“Ажиглана гэдэг нь хүүхдийг, тухайлбал, түүний зан харилцаа, бусадтай зохицож буй байдал, оролдлого, тулгарсан асуудлаа давж гарч буй байдал, орчноо нээж таньж мэдэж, ойлгож буй байдлыг илүү эрчимтэй анхаарна гэсэн үг” (Kazemi-Veisari, 2004, Kindergarten heute)

Багш хүүхэд бүрийн сонирхол, суралцах чадавх,  эрэлт хэрэгцээ, суралцах хурд, тоглох дуртай тоглоом зэргийг зөвхөн хүүхдийн суралцаж буй үйл явц болон хөгжлийг системтэй ажиглаж өдөр тутмын янз бүрийн нөхцөл байдал (чөлөөт тоглоом, сургалтын үйл ажиллагаа, хөгжөөн баясгах ажил, ганцаараа болон бусадтай хамтран үйл хийх гэх мэт) -д хийгдэнэ. Үүнд ажиглалтын хуудас чиглүүлэг болно. Багш хүүхэдтэй ажиллахдаа, өөрөөр хэлбэл, өдрийн турш хэдий чинээ мэдрэмжтэй, гярхай байна, төдий чинээ хүүхэд бүрийг сайн таньж мэдэж, бодитой оношилно.

Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээний нэг хэлбэр нь чөлөөт ажиглалт билээ.          Чөлөөт ажиглалт нь хүүхдийн хөгжил, зан чанарт онцлог зүйл ажиглагдсан тохиолдолд анзаарч тэмдэглэхийг хэлнэ. Тухайн хүүхэд яг юу хэлж байна, ямар үйлдлийг яаж хийж байгааг тусган авч, багш өөрийн ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийлгүйгээр бодит байдлыг бичиж  тэмдэглэлээ хэсэг хугацааны дараа (2-3 сарын дараа) чадамж тус бүрээр ангилж  мэдээллийг эрэмбэлэн нэгтгэнэ. Хүүхэд бүрд тэмдэглэл  бичсэнээр багшид цаашид тэдэнд дэмжлэг үзүүлэхэд  баримжаа  болох юм. Тэмдэглэлийг багш өөрт аль болох ачаалал багатайгаар хийж,  бичсэн тэмдэглэлийг үндэслэн  ажиглалтын хуудасны асуултын тохирох тоог тэмдэглэнэ.

 “Хувийн хавтас” нь хүүхдийн суралцахуйд гарч буй ахиц, амжилтыг харуулсан бүтээлийн цуглуулга, бусад материалаас бүрдэнэ. Хувийн хавтас гэдэг нь хүүхдийн тодорхой үйлүүдийн үр дүнгийн цуглуулга юм. ( Жишээ нь: зурсан зургууд, өрж байгуулсан зүйлийнх нь фото зураг, хүүхдийн ярьсан зүйл …. ) “Хувийн хавтас”–т зөвхөн хүүхдийн ахиц, өөрчлөлт гарсан  бүтээлүүдийг эмх, цэгцтэйгээр, хүүхдийн овог нэр, нас, бүтээл хийсэн он, сар, өдөр, тайлбарыг бичиж цаг хугацааны дарааллаар нь тайлбарыг  байрлуулсан байх шаардлагатай юм. “Хувийн хавтас” нь хөндлөнгийн хэнд ч ойлгогдохоор тухайн хүүхдийн ахиц, амжилттай сурч байгааг харуулахуйц байна.  Хүүхдийг цэцэрлэгт анх элсэн ороход “Хувийн хавтас”-ыг нээж, жил бүр баяжуулан сургуульд шилжин ороход тухайн хүүхдийн хөгжлийн 4 жилийн түүхийг бүтээнэ. Хувийн хавтасыг хүүхэд, багш, эцэг эх гурваас бусад хүн үзэх шаардлагагүй учир хүүхэд хүлээж авах өрөөнд байрлуулах нь тохиромжгүй. Суралцаж байгаагаа баримтжуулахад хүүхэд идэвхтэй оролцогч байна. Хувийн хавтсыг бүрдүүлэхэд  эцэг эхийг оролцуулна.

“Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас”-ыг шинжлэх ухааны үндэслэлтэй, практикаар нотлогдсон ХБНГУ-ын цэцэрлэгүүдэд ашигладаж буй КОМПИК ажиглалтын хуудасны зарчмыг баримтлан боловсруулсан. Ажиглалтын хуудас нь 3 хүртэлх, 3-6 хүртэлх насны гэсэн хоёр төрөлтэй бөгөөд 3-6 хүртэлх насны ажиглалтын хуудас нь хүүхэд тус бүрийн чадамж, онцлогийг илрүүлж, хөгжлийг дэмжих зориулалттайгаар боловсруулагдсан. Энэхүү ажиглалтын хуудас нь хүүхдийн бүх талын хөгжлийг хамарсан долоон чадамжтай бөгөөд тус бүрдээ 2-3 хэсэгтэй, хэсэг тус бүр тухайн чадамжийг илрүүлэхтэй холбогдох нийт 115 асуулттай байна. Тухайлбал, Хөдөлгөөн эрүүл мэндийн чадамж (биеийн хөдөлгөөнөө удирдах, гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах, эрүүл мэндээ хамгаалах….), нийгэмшихүйн чадамж (зан чанар, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах, бусадтай харилцах…), хэл ярианы чадамж (сонсох, ойлгох, ярих, унших, бичих бэлтгэл….), орчноо таньж мэдэх, орчинтойгоо харилцах чадамж (орчноо шинжлэн судлах, орчинтойгоо харьцах…), математикийн чадамж (тоолох, хэмжих…), дүрслэх урлагийн чадамж (зурах, урлах…), хөгжмийн чадамж (дуулах, хөгжимдөх, бүжиглах, жүжиглэх…) бүрийг тухайлсан үйлдлээр илрүүлэн ахицын үнэлгээг 1-5 оноонд харгалзуулан үнэлнэ.Тоо ахих тутам чанарын ахиц харагдана. Харин 3 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн ахицыг (чадамж)-аар бус “Биеийн хөдөлгөөнөө удирдах”, “Нийгэмшихүй”, “Оюун ухаан” гэсэн гурван төрлийн чадвараар үнэлнэ. Хүүхэд тус бүрийн чадвараас хамааран “Чаддаггүй” бол 1, “Дэмжлэгтэй” бол 2, “Чаддаг” бол 3 гэж 1-3 хүртэлх тооны аль тохирохыг сонгож, чадвар тус бүрийн арын нүдэнд бичнэ.

Дээрх үнэлгээний хэлбэрүүд нь багшид хүүхдийн тухай мэдээллийг бүрэн өгөх бөгөөд ажиглалтын хуудасны тэмдэглэгээ дууссан тохиолдолд жилдээ 2 удаа (гарааны болон ахицын үнэлгээний дараа) хүүхэд бүрт товч дүгнэлт бичиж, цаашид анхаарч, хэрэгжүүлэх зүйлээ төлөвлөхөд дэмжлэг болно. Ажиглалтын хуудасны асуулт бүрийн арын тоог нэг удаагийн дасгал даалгавраар бус, хүүхэд нэг бүрийн өдөр тутам гүйцэтгэж буй үйл, зан харилцааны илрэлийг олон удаа давтамжтай ажигласны үндсэн дээр сонгож тэмдэглэнэ. Дээрх 2 удаагийн үнэлгээг хийж дууссаны дараа хүүхэд бүрийн чадамж болгоны нийт оноо, гүйцэтгэлийн дунджийг тодорхойлох ба улсын дундажтай харьцуулна.