Боловсролын үнэлгээний Төвөөс “Ирээдүйн эзэд-2018” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг “Монгол тэмүүлэл” сургуульд 2018 оны 03-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиад Төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иудаас шигшигдэж шалгарсан нийт 184 суралцагчийн дүнг шилэн технологиор шууд ил тод засаж танилцуулснаараа онцлогтой байлаа.
Олимпиадыг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
“Дэлхий ертөнц асар хурдтай, гайхалтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Цахим оюун ухаанд түшиглэсэн аж үйлдвэрийн дөрөв дэхь хувьсгал дээр хүн төрөлхтөн ирээд байна. Бүхий л салбарт цахим өөрчлөлт, шинэчлэлт бий болж байна. Цахим эдийн засаг, цахим технологи дээр тулгуурласан ололт амжилтууд дэлхийн ирээдүйг тодорхойлж байна.
Байгалийн шинжлэх ухаан гэдэг маань өөрөө өнөөдөр дэлхий ертөнцийг өөрчилж байгаа мэдээлэл технологийн гол суурь дэвсгэр нь юм. Иймээс Монгол хүүхдүүд маань байгалийн шинжлэх ухаанд идэвхитэй суралцаж амжилт гаргаж байж дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж Монгол Улсынхаа ирээдүйг авч явах учиртай. Мөн уг шинжлэх ухааныг идэвхитэй судалсанаар эх орноо авч явах чадварыг эзэмшинэ. Тиймээс энэ олимпиадыг зохион байгууллаа.
Мөн манай боловсролын салбарын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ойлгож байна. ЭЕШ-ыг уламжлал ёсоор 14 хоногийн дараа хариу дүн нь гардаг. Энийг тойрсон маш их хардалт ,маргаан болдог. Харин энэ технологи дээр суурилсан үнэлгээний дүгнэх процессийг нэвтрүүллээ. Бид сая 200 орчим хүүхдийн материалыг үзэхэд 4 минут зарцууллаа. Харин энэ нь Монгол Улсын хэмжээнд нэг цагийн дотор 40 мянган хүүхдийн шалгалтын дүнг засаж танилцуулах бололцоотой боллоо.
Боловсролын салбарт ийм шинэ технологи нэвтэрч байгаагаар цаг хугацаа хэмнэж, хардалт сэрдэлт гэх мэт олон зүйл бидний ард үлдэнэ. Мөн Монгол улс ганц боловсролын салбарт биш бүхий л салбарт энэ технологийн дэвшлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний жишээ болгож ЭЕШ-ыг яаж хялбаршуулж болох вэ гэсэн ийм тест хийлээ” гэв.
Боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой уг олимпиадад оролцогчдийг авсан оноогоор нь эрэмбэлж 1-3 байр эзлүүлэн медаль өргөмжлөл Ipad зэрэг зүйлээр шагналаа.
- 1 дүгээр байрт 106 оноотойгоор “Сант” сургуулийн сурагч Б.Мандуул,
- 2 дугаар байрт 103 оноотойгоор “Багануур” дүүрэг “Боловсрол” цогцолбор сургуулийн сурагч С.Самбуу,
- 3 дугаар байрт “Номун” сургуулийн сурагч Д.Хишигдалай 91 оноогоор тус тус шалгарав.
Мөн байр эзэлсэн сурагчийн хариуцсан багш, заах аргын нэгдлүүдийг шагнаж урамшууллаа.
,
ОЛИМПИАДЫН ДҮН ШУУД ГАРЧ БАЙГАА НЬ ИХ ТААЛАГДАЖ БАЙНА
“Сант” сургуулийн сурагч Б.Мандуул “ Тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Энэ олимпиадын зохион байгуулалт маш их таалагдлаа. Бусад өөр олимпиадад оролцоход булхай гардаг гэсэн эргэлзээ төрдөг байсан бол харин уг олимдиадад ямар нэгэн тийм булхайтай зүйл гараагүй гэдгийг өөрийн нүдээр харлаа. Дээрээс нь олимпиадын дүн шууд гарч байгаа нь их таалагдаж байна” гэв.
“Боловсрол” цогцолбор сургуулийн сурагч С.Самбуу “Энэ олимпиадад би долоо хоног бэлдсэн. Тестээ бөглөж суухад миний мэддэг асуултууд маань байсан боловч арай ажиллагаа ихтэй байсан учир цаг давчуу санагдаж байсан. Харин дараа нь Олимпиадын материалыг маань биднээс хурааж аваад шууд засаад гаргасан нь их гоё санагдлаа” гэв.
БСШУСЯ-НЫ ЗҮГЭЭС ЦААШИД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ АМЖИЛТЫГ АШИГЛАХ БОДЛОГЫГ БАРЬЖ АЖИЛЛАНА
БСШУСЯ-ны сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат “Байгалийн шинжлэх ухааны нэгдмэл олимпиад анх удаа зохион байгуулагдлаа. Мөн уг олимпиадад технологийн ололт амжилтыг нэвтрүүлэн явуулсанаараа онцлог байлаа. БСШУСЯ-ны зүгээс цаашид олимпиад ЭЕШ зэрэг нийтийг хамарсан уралдаан тэмцээнүүдийг энэхүү мэдээлэл технологийн ололт амжилтыг ашиглаж зохион байгуулах бодлогыг барьж ажиллана” гэлээ.
Шалгуулагчийн мөнгө цаг хугацааг хэмнэсэн энэхүү технологийн дэвшил нэвтэрсэнээр аливаа шалгалттай холбоотой эргэлзээ хардлага үгүй болж, ЭЕШ өгсөн хүүхдүүдийн мэдээлэл дээр анализ хийж, цаашдын төлвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Мөн Олимпиадын үеэр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-тай холбоотой мэдээлэл өгч, ЭЕШ-ын бүртгэл хийлээ.