МГТИС Элсэлтийн шалгалтын бүртгэлээ нээлээ
Удахгүй ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залуус аа!
Та бүхэнд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилтай өгөхийг хүсэхийн ялдамд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан тус сургууль нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрладаг, орчин үеийн тохилог оюутны хотхонтой төрийн өмчийн их сургууль юм.
МГТИС нь ХБНГУ-ын хамтрагч их сургуулиуд болон монголын аж үйлдвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрүүдтэй нягт хамтран ажиллаж, хэрэглээний судалгаа, боловсруулалтын ажлыг хөгжүүлэхэд анхаарч, оюутнууддаа олон улсын стандартад нийцсэн, бодит туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Тус сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gmit.edu.mn цахим хуудаснаас авах боломжтой.
МГТИС-д суралцсанаар үүсэх давуу талуудыг танилцуулахад:
- Оюутнуудад онол, дадлага хослуулсан, хэрэглээнд чиглэсэн боловсрол олгоно
- Хувь хүний хөгжлийн боловсрол олгоно
- Англи хэл дээрх мэргэжлийн сурах бичгүүд /үнэ төлбөргүй/ г.м
- 50% болон 100%-ийн сургалтын тэтгэлэгийг санал болгодог
- Бүрэн тоноглогдсон компьютерийн лаборатори
- Хими физикийн иж бүрэн хэрэглэлтэй лабораториуд
- Үнэгүй интернэтийн хэрэглээ бүхий оюутны байртай.
Түүнчлэн бид ирээдүйд аж үйлдвэрүүдийн болон нийгмийн хэрэгцээнд үндэслэн, Азийн бүс нутаг дахь “хэрэглээний судалгаа”-ны чиглэлийн тэргүүлэх хүрээлэн болохыг зорьж байна.
МГТИС нь одоогоор: “Уул уурхайн боловсруулалтын инженер”, “Механик инженер”, “Хүрээлэн буй орчны инженер”-ийн бакалаврын хөтөлбөрүүдээр оюутан элсүүлж байна. Элсэлтийн шалгалтын бүртгэл www.gmit.edu.mn/register/ 2016 оны 05 дугаар сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.
Багш мэргэжилтнүүдийн тухайд ХБНГУ, АНУ, Канад, Япон, Солонгос, Монгол зэрэг орнуудад суралцаж, багшилж, судалгаа хийж байсан туршлагатай багш нартай. Тэдний дийлэнх нь гадны улс орнуудад магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд тэд МГТИС-ийг олон улсын өргөн сүлжээнд оруулж, оюутнуудыг бүх талаар дэмжин ажилладаг.