Та бүхэнд БҮТ-ийн “Үнэлгээ”-ний хэлтсийн мэргэжилтэн Банзрагчийн Батсүхийн бичсэн “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ ЦИКЛ ЭХЛЭХИЙН ӨМНӨХ ТЭМДЭГЛЭЛ” нийтлэлийг танилцуулж байна.
Энэхүү бэсрэг тэмдэглэлийн хүрээнд шинэ хөтөлбөрийн цикл эхлэх дөхсөн энэ үед ерөнхий боловсролын тогтолцоо дараачийн 10 жилийн циклд ямар нэр хаягтай, (эдүгээ халаагаа өгч буй хөтөлбөр эхлээд цөм, дараа нь сайжруулсан улмаар зүгээр л сургалтын хөтөлбөр гэх нэртэй билээ) өнгө төрхтэй хөтөлбөртэй байх бол хэмээн сэтгэл чилээн зөвхөн АНУ-ын хэмжээнд хэрэгждэг хөтөлбөрүүдийн талаарх тойм мэдээлэл мөн хөтөлбөрийн цикл угтаж батлагдсан сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын талаарх санаа бодлоо дэлгэрүүллээ.
Америкийн судлаач Вэсли Нулл “Хөтөлбөр: Онолоос практикт” номдоо хөтөлбөрийг боловсролын зүрх бөгөөд хөтөлбөр нь нэгд юу заах тухай асуудал, хоёрт энэ нь бодол үйлдэл, зорилгын нэгдэл юм гэсэн байдаг. Тэрбээр “боловсрол нь хүүхдийн эргэн тойронд байдаг гэр бүл, сүм хийд, хэвлэл мэдээлэл, бусад соёлын нөлөөллөөр бий болох хийсвэр, бүрхэг ухагдахуун бол хөтөлбөр нь сургууль сүм хийд, төрийн бус байгууллага, засгийн газрын хөтөлбөрийн аль нь ч байж болох тийм тодорхой инсититуцийн дотор шийдвэр гаргах үйл явцтай холбоотой тодорхой биет зүйл” хэмээн өгүүлсэн байдаг.
Дээрхээс үзвэл аль ч улсын боловсролын бодлого, алсын хараа, зорилго нь хөтөлбөрөөр тодорхойлогдоно. Түүнийг их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, судлаачид нь манлайлж суралцагчийн хөгжил төлөвшил, нийгмийн ирээдүйн сайн сайхны төлөөх төсөөллөө үзэл баримтлал, үнэт зүйлээр баяжуулж боловсролын үйл хэрэгт нэвтрүүлж явдаг. В.Нулл уг бүтээлдээ АНУ-ын боловсролын тогтолцоо болон ерөнхий боловсролын түүхэнд хэрэгжиж ирсэн хөтөлбөрийн уламжлалын 5 чиглэлийг нэрлэж тус бүрд нь дэлгэрэнгүй судалгааг хийсэн. Эдгээр нь:
Нэг. Системт хөтөлбөр. Энэ хөтөлбөр нь хуулиар баталгаажсан бөгөөд боловсролын салбар нь судалгаа шинжилгээнд тулгуурлан системээрээ хөгжих учиртай гэж үздэг. Америк даяар суралцагч бүрийг дэлхийн зах зээл дээрх өрсөлдөөнд бэлтгэх, боловсролын үйл ажиллагаанд оролцогч хүүхэд, багш, судлаачид, удирдлагууд, сургуулийн орчин нөхцөл, түүхэн замнал, сургуулийн соёл гээд бүгдийг нэг системд авч үзэж, нарийн тодорхойлсон стандартаар хянаж байх хуулийн зохицуулалттай. “Нэг ч хүүхдийг гадна үлдээх ёсгүй” гэсэн содон хэрнээ энгийн нэртэй хуулиар уг хөтөлбөр эрх зүйн баталгаатай болдог ба судалгааны нарийвчилсан мэдээллээр багш, удирдлагууд, засаглалын эрх мэдэлтнүүд хангагдаж, шинжлэх ухааны үндэслэл нотолгоо бүхий мэдээ, тайлангаар боловсролын бодлого, үйл ажиллагаа нь чиглэгдэж байх ёстой байдаг. Гэхдээ стандарт нь багш нарыг хянах хэрэгсэл биш харин тэдэнд чиглэл өгдөг баримт бичгийн хүрээ байх ёстой гэж үзэх ба гол нь бүх нийтээр ижил практик ажиллагаатай байх нөхцөлийг бүрдүүлэх гээгүй харин ч суралцагчдыг адил тэгш хүртээмжтэй чадвар сорьсон хөтөлбөрөөр хангах явдал гэж үздэг байна.
Хоёр. Экзистенциалист хөтөлбөр. Системт хөтөлбөртэй харьцуулбал олон зүйл дээр нөгөө талын байр сууринаас боловсролд ханддаг чиглэлийнхэн юм. Нэрээс нь харсан ч энэ чиглэлийнхэн суралцагчийн хувийн сонголтыг нэн тэргүүнд тавьдаг байна. Системт хөтөлбөрийн чиглэлийнхэн төлөвлөлт, бүтэц болон бүтээмж, үр дүнг сургалтын сайн хөтөлбөрийн бүрэлдэхүүнүүд гэж үздэг бол экзистенциалистуудын хувьд үүний эсрэг хандлагыг баримталж санамсаргүй тохиолдол, хувийн онцлог, хүний эрх чөлөө нь хөтөлбөрийн хамгийн чухал шинж хэмээн үздэг. Уг чиглэлийн нэр хүнд бүхий төлөөлөгч Алфи Кохн “Хэрвээ хүүхдэд өөрт тохиолдсоныг өөрийнхөөрөө шийдэх ямар ч боломж олгохгүй бол эцэг эх эвсэж түүний эсрэг нэгдсэнтэй адил” гэсэн байдаг. Энэ чиглэл нэгдсэн улсдаа нэлээд нэр хүндтэй ба олон америкчуудын эрхэмлэдэг индивидуализмын үзэл санаатай нэлээд нийцдэгтэй холбоотой юм. Багшид нэг бүрчилсэн төлөвлөлт, бэлэн сэдэв, ирээдүйн мэргэжил, нийгмийн хэрэгцээний талаарх мэдээлэл зааварчилгаа биш харин хүүхдийн зөн билэг, тэдний сонирхол хандлагын нарийн мэдрэмж чухал хэмээн үздэг. Ардчилсан маягийн агуулга энэ чиглэлд нэлээд харагдана, жишээ нь багшийг сурагчтай нэг ижил төвшинд тавьж тэдний эрх мэдэл, давамгайллыг бууруулах ба экзистенциалист ангид суралцагчид сурах явцдаа бусдадаа тусалдаг. Суралцагчийн эрх чөлөөг нэгэнт тэргүүнд тавьж буй үед багшлахуйг яах билээ, агуулга нь ямар байх ёстой юм гэх мэтийн асуултад хариулахдаа суралцагчаа л хөтөлбөрийн төвд байршуулж чадсан бол бусад нь аяндаа өөрийн байрыг олох ба багшийн хувьд нарийн жороор сургах арга зүйг хөтөлбөр боловсруулагчид санал болгох ба харин агуулгын хувьд уламжлалт академик сэдвээр хязгаарлахгүй хэмээн өгүүлдэг байна.
Гурав. Радикал хөтөлбөр. Энэ чиглэлийнхний хувьд хөтөлбөрийн хөгжил аажим явагдах ёсгүй, байнга шинэчлэгдэн хөгжих ёстой гэж үздэг. “Радикал” гэсэн нэр оноосон нь ч оносон мэт. Өөрчлөлтийг хэсэг хэсгээр эсвэл аажмаар биш, харин нэн даруй, бүхэлд нь далайцтай хийх ёстой. Хойшлуулшгүй гэсэн мэдрэмжээр, нийгэм маш шударга бус байна гэсэн итгэл үнэмшлээр, ангид суурилсан шударга бус байдлыг халах зорилтоор өөрчлөлтийг хийх ёстой гэж үздэг. Ангийн тухай, нийгмийн шудрага бус байдлын талаар өгүүлж буй нь тэднийг зарим талаар неомарксистууд байсныг илтгэдэг. Нийгмийн дээд анги давхаргаас гаралтай цагаан арьст бүлэг нь доод бүлгийнхэн болох Африк болон Мексик гаралтай америкчууд, ядуучуудад шударга бус хандаж ирсэн, тиймээс хөтөлбөрт доод гэгдэж буй бүлгийнхний мэдлэгийг албан ёсоор оруулах ёстой гэж зарладаг байна. Ямар ч хөтөлбөрийн суурь асуултууд болох “бид юу заах ёстой вэ?”, эсвэл “хөтөлбөрт юу оруулах нь зүйтэй вэ?” гэсэн асуултад тэд “хэн” гэсэн ухагдахууныг сөргүүлнэ. Энгийнээр бол “хэний хөтөлбөрийг заах ёстой вэ?”, “хэний мэдлэг хамгийн их ач холбогдолтой вэ?” “хэний мэдлэг хөтөлбөрт байна вэ?” гэх мэтээр сөргүүлээд хариулт нь дээд ба доод бүлгийнхний мэдлэг болон хандлага зэргээр ялгагдаж гарч байвал дараачийн асуудлыг тавьдаг байна. Багшийн үүргийг нэлээд өндөрт тавьж тэд л доод бүлгийнхэнд анхаарлаа чиглүүлж чадвал хөтөлбөрийн хэрэгжилт биелэх гол нөхцөл болно гэж үздэг байна.
Дөрөв. Прагматик хөтөлбөр. Уг чиглэлийг баримтлагчид үр дүн бий болгож чадах санаануудад ач холбогдол өгнө. Хөтөлбөрийн эцсийн зорилго, эрхэм зорилгын талаар хэлэлцэх нь тэдэнд төдийлөн сонирхолтой биш. Эмпирик судалгааны үр дүнгээр асуудлыг залруулахыг хичээх ба суралцахуйд ямар үйл болон тактик таарч байгааг тогтоож түүнд хөтөлбөрийг чиглүүлэхийг хичээнэ. Амьдрал дээр батлагдаж л байвал түүнийг үнэн гэж үзэх прагматизмын суурь зарчмаар хөтөлбөрт хандах энэ чиглэлийнхний хөтөлбөрийг олж тогтоох, оноох нь цагаа тулбал бас ярвигтай гэж үздэг. Учир нь прагматикчид үр дүнгээ өгч магадгүй гэсэн маш олон янзын таамаглалд үндэслэн олон төрлийн хичээл багтаасан хөтөлбөр хийхийг зорьдог. Энгийнээр бол санаа (idea) бүрийн амьдрал дээр биелж, хэрэгжиж, ажиллаж байх нь хөтөлбөрийн тогтвортой байдал, тодорхой байдлаас илүү чухал гэж үзнэ. Суралцагчдад эмперик орчноос олж авах дасан зохицох чадвар нь тэднийг амьдралд бэлтгэж анхны санаа, таамаглал батлагдаж л байвал догматизмаас ангид нийтэч хүн төлөвшүүлж чадна гэж үздэг байна. Хөтөлбөрийн агуулгыг тодорхой системтэй, академик байхтай санал үл нийлж, олон нийт юу заахыг хүснэ, түүнийг л хөтөлбөрт тусгах ёстой гэж зөрүүдлэх нь ч байдаг байна.
Тав. Дэлибиратив буюу зөвлөлдөж хэлэлцэх хөтөлбөр. Хөтөлбөр боловсруулахад нэлээд ултай, буурьтай ханддаг чиглэл. Тодорхой нэг тогтолцоо, хувь хүний туршлага, радикал үйлдэл, эсхүл аль нь амжилттай байна гэж асуудалд хандахаас илүүтэй зөвлөлдөж хэлэлцэх уламжлалт практик ур чадвараар хандаж сайн хөтөлбөр боловсруулахыг чухалчилдаг байна. Хөтөлбөр боловсруулахад “мэтгэлцэх” бус зөвлөлдөх үйл хэргийг тэргүүнд тавина, ингэхдээ мэргэшсэн эс бөгөөс хэрэгжилтэд хяналт тавих албан хаагчид өөр өөрсдийн чиг үүргээр оролцоод өнгөрөх бус харин тасралтгүй оролцогч, зөвлөлдөн хэлэлцэгчид байх ёстой хэмээн үзнэ. Энэ чиглэлийнхэн “либерал” боловсрол гэсэн томьёоллыг дуртайяа хэрэглэх бөгөөд ”ухаалаг үйлдэл хийдэг, мэргэн, бие даасан дүгнэлт гаргах чадвар бүхий манлайлагчийг” бүтээх төсөөллийг уг ойлголт агуулсан байдаг. Мэдээж ийм хүн төлөвшүүлэхэд хөтөлбөрт ёс суртахууны шаардлагууд хангалттай тусахаас гадна зөвлөлдөж хэлэлцэх үйл нь ч мөн үр дүнтэй байхын тулд тодорхой нөхцөлүүдийг шаардана.Тэд тухайлбал зарим шийдвэр маш хурдан үйлдэл хийхийг шаарддаг бол зарим нь зөв тохиромжтой цаг ирэхийг хүлээх хэрэгтэй байдгийг олж тогтоосон. Хөтөлбөр боловсруулагчдын нэгдмэл байдал, тэмүүлэл, алс хэтийг харах чадвар нь уг хөтөлбөрийн чиглүүлэг болдог гэж тэд өөрсдийгөө тодорхойлдог байна.
В.Нулл эдгээр чиглэлүүдийг багш, суралцагч, агуулга, сургалтын орчин нөхцөл, хөтөлбөрийн боловсруулалт гэх хөтөлбөрийн салшгүй 5 сэдвээр ямар байр суурьтай байдгийг нягтлан, давуу ба сул талуудыг үнэлсэн байдаг. Тэгвэл өөрийн улсын сургуулийн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн мөн чанар, дүр төрхөд анхаарал хандуулъя.
2014 оноос хэрэгжиж эхэлсэн бага, суурь, ахлах боловсролын цөм хөтөлбөрийн зорилгыг “Сурагч бүрд сурах арга барил, амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр сурах чадвар эзэмших, үндэсний түүх хэл соёлоо дээдлэн хөгжүүлэх, ардчилсан хүмүүнлэг үзэлтэй иргэн болж төлөвших боломж олгоход оршино” хэмээн тодорхойлсон.
Энэхүү хөтөлбөрийн хувьд хэрэгжилтийн цикл энэ жилүүдэд дуусаж байгаа ба хөтөлбөрийн шинэ циклийн эхлэхтэй уялдуулж МУЗГ-ын 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 176-р тогтоолын хавсралтаар “Сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал (2024-2036)”-ыг батлан гаргасан. Сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг тодорхойлж батална гэдэг бол Монгол хүүхдийн хөгжлийн дүр төрхийг, ирээдүйн төлөвшлийн загварыг, улмаар үндэсний боловсролын бодлогыг суурийг тодорхойлж байна хэмээн ойлгох учиртай.
Тус үзэл баримтлалын зорилго нь суралцагчийн эзэмших чадамжийг тодорхойлж, эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, судлагдахууны хөтөлбөрийн залгамж холбоо, арга зүй, үнэлгээний нийцтэй байдлыг харгалзан боловсруулах үйл ажиллагааг чиглүүлэхэд чиглэгдсэн.
Суралцагчийн эзэмших чадамжийг суурь (суралцах, ажиллах, амьдрахад шаардлагатай мэдлэг, түүнийг хэрэглэх, ашиглах чадамж буюу хувь хүний амжилттай аж төрөхөд шаардлагатай хамгийн чухал чадамж) ба ерөнхий (мэдлэгт суурилсан нийгмийг бүтээх, хувь нэмрээ оруулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагын цогц) чадамж хэмээн ялган тодорхойлсон ба суурь чадамж нь эх хэл, математик байгаль, нийгмийн ухаан, гадаад хэл зэрэг судлагдахууны агуулгын эзэмшилтээр тодорхойлогдох бол ерөнхий чадамж нь бүтээлчээр шүүн тунгаах сэтгэлгээ, сурах арга барил, нийгэм сэтгэл хөдлөлийн хөгжил, үндэсний ба дэлхийн өв соёлд хандахуй зэргээр хэмжигдэж мөн дэмжигдэж тодорхойлохоор үзэл баримтлалд суулгаж өгсөн. Сургалтын хөтөлбөр боловсруулах онол, арга зүй, судлагдахууны агуулга, бага, суурь, ахлах боловсролын залгамж, тэдгээрийн бүтэц, хэрэгжүүлэх болон тэгш хамруулах зарчим, эзэмшүүлэх арга зүй, үнэлгээний шалгуур зэрэг нь суурь ба ерөнхий чадамжийг олгох, хөгжүүлэхэд чиглэхээр тооцсон. Товчхондоо Монгол хүүхдийг амьдралын энгийн сорилтоос эхлээд мэдлэгт суурилсан нийгмийн орчинд амжилттай оршин үйлдэх чадамжийг олгоно, хөгжүүлнэ хэмээн ЧАДАМЖИЙГ ОНЦОЛСОН хөтөлбөрийн загвар ажээ.
Хөтөлбөр боловсруулагчийн гар дээр ирдэг боловсруулж бичих малгай загварыг одоогоор олж үзээгүй тул цааш явалгүй энд хүргэе. Ямартаа ч бүтээлч иргэнтэй болохыг (төлөвшүүлэх, бэлтгэн гаргах, сургах, хүмүүжүүлэх гэсэн олон үйл үгээс сонгож болох байсан ч боловсролын зорилго хувьсан өөрчлөгдөх нь түргэн болсон цагт төвөг гэж үзэв) зорьсон үзэл баримтлалыг засгаас баталж өгсөн нь таатай байна.
Бид бүгдэд харин энэрэхүй хайрлахуй, шүүмжлэлт сэтгэлгээ, эргэлзэж хандахуй, нөхцөл байдалд хандах өөр өнцгийг зөвшөөрөхүй, бодитой үр ашгийг тооцох уу, эс бөгөөс эдийн засгийн хувьд алдах нөхцөлд байсан ч үнэнийг л дагах уу, эрс өөрчлөлт буюу радикал идэвхтэй байх зарчмыг хэрхэн эзэмшүүлэх билээ зэргээр нийгмийн хөгжлийн алс хэтийг хөтөлбөрийн нарийн чимхлүүр деталиудаар хангах ёстой зорилтууд нь хэрхэн шингэснийг шинэ циклд батлагдан орж ирэх хөтөлбөрөөс харах л үлдлээ.