Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг оюутан, сурагчдад нэрэмжит тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай зарлиг гаргалаа.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ:
Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгоно.
Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авах юм.
Нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан тогтоох бөгөөд тэтгэлгээр суралцаж төгссөн иргэн орон нутагтаа ажиллана. Ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах талаар судалж, зохион байгуулахыг зарлигт тусгажээ.
Ерөнхийлөгчийн тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, жил бүрийн гуравдугаар улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлнэ.
Нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм.
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫГ
ДЭМЖИХ, УРАМШУУЛАХ:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад нэг удаагийн урамшуулал олгох, улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмж олон улсын ангилалтай уялдуулан зохион байгуулах, хүүхэд бүр оролцох тэгш боломжийг бүрдүүлэх, сурагчдыг бэлтгэж оролцуулах багш нарыг дэмжих, шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангах, Олимпиадыг зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргийг тусгажээ.
Энэ нь монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, сурагчдыг олимпиадад оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зорилготой юм.
Монгол Улсын баг сүүлийн таван жилд Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас 52 медаль авсан байна. 2021 онд гэхэд л математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, физикийн олимпиадаас хоёр хүрэл, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгө, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл, нийт 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ.
Багийн амжилт тогтвортой өсөж, дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас бодлогоор дэмжих, урамшуулах, хүртээмж, тэгш боломжийг хангах нь зүйтэй гэж үзжээ.