PISA гэдэг нь the Programme for International Student Assessment буюу Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (САОУҮ) гэсэн үгийн хураангуй бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ/OECD)-с зохион байгуулдаг ба 2000 оноос эхлэн 3 жил тутам явагддаг олон улсын томоохон үнэлгээний нэг юм.
Суурь боловсрол эзэмшсэн 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг.
2000 онд PISA үнэлгээнд 43 улс хамрагдаж байсан бол 2022 онд 81 улс хамрагдсан нь уг үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр ач холбогдолтой үнэлгээ болохыг харуулж байна. Жишээлбэл, 2022 оны PISA үнэлгээнд 81 улсын 690.000 орчим 15 настай сурагчид оролцсон нь нийт 29 сая сурагчийг төлөөлж оролцжээ.
PISA үнэлгээ нь 3 үндсэн чиглэлээр (унших чадвар, байгалийн ухаан болон математик) 15 настай сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар болон тухайн мэдлэг, чадвараа амьдралын бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэглэж байгааг үнэлэх зорилготой үнэлгээ бөгөөд дараах хэсгүүдээс бүрддэг.
Судалгааны үр дүнг дараах зүйлсэд ашиглах боломжтой тул PISA үнэлгээнд оролцох нь өндөр ач холбогдолтой байдаг. Үүнд:
Нэмэлт мэдээллийг OECD –ийн https://www.oecd.org/pisa/ цахим хуудаснаас авах боломжтой.
Монгол улсын Засгийн газраас баталсан төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын /2014-2024/ 7 дугаар хэсэгт Монгол улс “Сурлагын амжилтын олон улсын чанарын үнэлгээний судалгаа”-нд 2021 онд хамрагдах талаар заасны дагуу 2018 оны 9 дүгээр сард БСШУСЯ-аас Эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагатай “PISA 2022 Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ”-нд хамрагдах гэрээ байгуулснаар манай улс энэхүү үнэлгээнд хамрагдах болсон.
Ийнхүү Монгол Улс 2022 онд анх удаа PISA үнэлгээнд амжилттай хамрагдаж, 15 настай 7276 сурагч математик, байгалийн ухаан, унших чадвар болон бүтээлч сэтгэлгээний даалгавар болон асуулга судалгааг компьютерт суурилсан хэлбэрээр гүйцэтгэж оролцсон.
Түүвэрт сонгогдсон сургуулиудын компьютер, тоног төхөөрөмжийг урьдчилан бэлтгэж, Монгол улсын 21 аймгийн өнцөг булан бүрд хүрч, зохион байгуулсан бөгөөд түүвэрт сонгогдсон сурагчдын гүйцэтгэсэн нийт 17000 орчим даалгаврыг кодлон оноожуулж, нэгдсэн өгөгдлийн сангаа амжилттай бүрдүүлсэн юм.
Монгол Улсын 2022 оны PISA үнэлгээний үр дүнг “”ПИСА-2022 Үндэсний тайлан”-с харах боломжтой.
Боловсролын ерөнхий хуулийн 35.6-р зүйлд “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” гэж заасны дагуу Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд оролцохоор бэлтгэж байна.
2024 оны 4-5 дугаар сард Туршилтын судалгааг амжилттай зохион байгуулж, 32 сургуулийн 2513 сурагч даалгавар гүйцэтгэн, асуулга бөглөсөн ба мөн тооны эцэг эх, 154 багш, 32 сургуулийн захирал, сургалтын менежер асуулга бөглөж оролцсон.
Үндсэн судалгаанд 190 гаруй сургууль, 7500 орчим сурагч түүврээр сонгогдох бөгөөд Боловсролын Яам, Боловсролын үнэлгээний төв болон бусад харьяа байгууллагууд хамтран 2025 оны 03-р сараас 5-р сарын хооронд Үндсэн судалгааг зохион байгуулна.
PISA үнэлгээний домэйн буюу судлагдахуунууд нь унших чадвар, байгалийн ухаан, математик бөгөөд цикл бүртээ (3 жил тутамдаа) аль нэг домэйн нь үндсэн домэйн болж явдаг. Үүнд:
Мөн цикл бүртээ 4 дахь домэйн болгож нэг нэмэлт домэйнээр үнэлгээ зохион байгуулдаг онцлогтой.
PISA үнэлгээ нь сурагчаар даалгавар ажиллуулахаас гадна нэмэлт хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор олон төрлийн асуулгуудыг зохион байгуулдаг.
Монгол Улс 2022 онд сурагчийн болон сургуулийн удирдлагын асуулгад хамрагдсан.
2025 онд Монгол улс сурагчийн, сурагчийн мэдээлэл технологийн хэрэглээний, сургуулийн удирдлагын болон байгалийн ухааны багш, эцэг эхийн асуулгад хамрагдана.