2026-10-26 · Ерөнхий27
Европын холбооны Еrasmus хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй Greenfuture (project-101236855) төслийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Европын холбооны EREASMUS хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжиж буй GREENFUTURE (Project-101236855) төслийн зөвлөлдөх уулзалт 2026 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд ХААИС, МУИС-д зохион байгуулагдлаа. Сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжлийн үзэл санаа, тогтвортой хөгжлийн боловсрол нь дэлхий даяар үйл хэрэг, онол, чиг хандлагын хувьд нэн өргөн хүрээг хамарч, боловсролын нэг бүрдэл болж байгаа. Хүн төрөлхтөн байгаль экологийн, хүмүүнлэгийн, эдийн засгийн хямралуудтай нүүр тулах нь байнга, бодитой болсон энэ цаг үед уг үзэл санааг хэрэгжүүлэх, боловсролоор дамжуулан нийтийн үйл хэрэг болгоход онцгой анхаарч байна. GREENFUTURE төсөл нь Монгол улсын их, дээд сургуулиудын сөрөн тэсвэрлэх чадавх, тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх нэгдсэн арга зүйг боловсруулах, үнэлгээний үзүүлэлт, аргачлал бий болгох зорилготой төсөл юм. Уг төсөл 2026 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ удаагийн Монгол улс дахь уулзалтаар төслийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, төслийн зүгээс боловсруулах баримт бичгийн явц, төлөвлөсөн багц ажлуудыг үнэлэх зорилготой зөвлөлдөх уулзалт юм. Төслийн ерөнхий зохицуулагчаар Европын холбооны талаас Испанийн Валенсиагийн Политехникийн их сургууль (UPV), Монгол улсын талаас ХААИС ажиллаж байгаа болно. Төслийн хэрэгжих хугацаа 3 жил бөгөөд төсөл өндөрлөхөд манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагууд Тогтвортой хөгжил, сөрөн тэсвэрлэх чадварын хувьд хийж хэрэгжүүлж буй ажлууд, санал санаачилгыг бүртгэх, үнэлэх баримт бичиг буюу нотолгоонд суурилсан аргачлалтай болох юм. Их, дээд сургуулиуд бол аливаа дэвшилтэт үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагаагаар үлгэрлэх, манлайлах, түүчээлэх гол хөдөлгөгч хүч, оюун санааны цөм болдог онцлогийг харгалзаж манай улсын их, дээд сургуулиудаас ХААИС, МУИС, ШУТИС, Герман Монголын технологийн их сургууль тус төсөлд оролцлоо. GREENFUTURE төслийн үр дүнд бий болох үнэлгээний аргачлал, үзүүлэлтүүдийг хэрэглэн их, дээд сургуулиудын тогтвортой хөгжил, сөрөн тэсвэрлэх чадавхыг үнэлэх, эрэмбэлэх, нийтэд мэдээлэх ажлыг гардан хэрэгжүүлэх субъект нь Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төв, БМИҮЗ зэрэг байгууллагууд байх бол олон нийтийн оролцоог хангаж Боловсролын чанарын судалгааны хүрээлэн мөн оролцсон юм. Дээд боловсролын байгууллагын тогтвортой хөгжлийн төлөөх үйл хэргийг үнэлдэг UI GreenMetric, World University Rankings-ийн шалгуур, үзүүлэлтүүдийг манай улсын их, дээд сургуулиудын онцлогт нийцүүлэн хэрэглэх, Монгол улсын онцлог байдлыг хэрхэн тусгах, төсөлд оролцогч их сургуулиуд дээр туршилтын үнэлгээ судалгаа хийсний үр дүнд тогтвортой хөгжил, сөрөн тэсвэрлэх чадавхийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, бүртгэх, үнэлэх нөөц боломж, загварыг тодорхойлох, эцсийн баримт бичгийн агуулга, бүтцийн талаар голлон хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй
