Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

МИДСК 2015 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

eec.mn2015-05-12
МИДСК-ын Ерөнхийлөгч  профессор Т.Хэрүүга

 

                                                                        2015 оны 05 сарын 06-ны өдөр

 

МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН
ГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД АЙМАГ,
ОРОН НУТГААС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн сургуульд оюутан элсүүлэх, хөтөлбөр сонгуулахтай холбоотой бүхий л ажлыг аймаг, орон нутагт түргэн шуурхай зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. МИДСК-ын Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан элсэлтийн төв комисс нь элсэлтийн ажлыг удирдлагаар хангах, зохион байгуулах, элсэлтийн журам боловсруулах, салбар комисс байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, өргөдөл гомдлыг барагдуулах зэрэг асуудлыг хариуцна.
1.3. Элсэлтийн төв комисс нь оюутан элсүүлэх, хөтөлбөр сонгуулах ажлыг аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёлын газартай хамтран зохион байгуулна. Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг холбогдох асуудлаар ажиллуулж болно.
1.4. Элсэлтийн төв комисс нь МИДСК-ын гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх ба Боловсролын үнэлгээний төв өөрийн журмын дагуу ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын (2 шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувилан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргана. Үүнийг хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
1.5. Аймаг, орон нутагт ажиллах элсэлтийн салбар комисс нь БСШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журмыг баримтлан ажиллана.
1.6. Элсэлтийн салбар комисс нь БСШУ-ны сайдын баталсан МИДСК-ын гишүүн төрийн өмчийн сургуульд элсүүлэх оюутны хяналтын тоог хатуу баримтлан ажиллана. Хяналтын тоог олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй мэдээлж, хяналт тавих бүх боломжийг олгоно.
1.7. Элсэлтийн салбар комисс нь МИДСК-ын гишүүн сургуулиудад аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд зохион байгуулна.
1.8. Боловсролын үнэлгээний төвөөс баталгаажуулсан элсэгчдийн ерөнхий шалгалтын оноо нь МИДСК-ын гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх албан ёсны үндсэн баримт болно.
Хоёр. ХӨТӨЛБӨР СОНГУУЛАХ

2.1. МИДСК-ын гишүүн сургуулиудад элсэх ерөнхий шалгалтын онооны болзол хангасан элсэгчид тодорхой загварын дагуу өргөдөл, хүсэлтээ элсэлтийн салбар комисст гаргана. Хүсэлт гаргасан этгээд нь БСШУ-ны Сайдын баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 5.2.1 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байх ба иргэний үнэмлэхийн хаягийг үндэслэл болгоно. Өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн элсэгч ерөнхий шалгалт өгсөн аймагтаа сонгон шалгаруулалтанд орж болно.

2.2. МИДСК-ын гишүүн сургуулиудад элсэхийг хүсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан монгол хэл, бичгийн шалгалтыг өгсөн байна.

2.3. МИДСК-ын элсэлтийн журамд заасан элсэлтийн бүлэг, онооны дарааллыг элсэгчийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо, анхны оноог үндэслэл болгон тогтооно.

2.4. Боловсролын үнэлгээний төвийн гаргасан бүлгийн онооны жагсаалт /гадаад хэл гэсэн хөтөлбөрийн бүлгээр англи хэл, орос хэлний шалгалтын аль өндөр оноогоор харгалзах бүлгийн жагсаалтанд орно/ болон батламжийг үндэслэн хамгийн өндөр оноотой элсэгчээс эхлэн МИДСК-ын гишүүн сургуульд элсэх хөтөлбөрийг сонгоно. Боловсролын үнэлгээний төвийн олгосон батламж, бүлгийн онооны жагсаалт, интернетэд мэдээлсэн оноо зөрсөн тохиолдолд орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид хандан шалгуулна.

2.5. Боловсролын үнэлгээний төвөөс олгосон 2013, 2014 оны ерөнхий шалгалтын  батламжийн оноогоор бүртгүүлж хөтөлбөр сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2015 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд  илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлж болно.

2.6. Элсэгч нь сургууль, хөтөлбөрөө сонгохдоо элсэлтийн салбар комиссын гишүүдэд хүндрэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллах боломжийг хангах үүрэгтэй. Сургууль, хөтөлбөр сонгохдоо элсэгч өөрийн биеэр заавал ирнэ. Хэрвээ элсэгч өөрийн биеээр хүрэлцэн ирээгүй тохиолдолд нийтэд ил тод мэдээлсэнээр дараагийн элсэгч хөтөлбөр сонгох эрх эдэлнэ. Хөтөлбөр сонголтоос хоцорсон элсэгч тохирох бүлгийн сонгогдоогүй үлдсэн хөтөлбөрөөс сонгох эрхтэй.

2.7. Сонгосон хөтөлбөрөө өөрчлөх хүсэлтэй элсэгч МИДСК-ын гишүүн сургуульдаа тогтоосон хугацаанд нь бүртгүүлж, онооны жагсаалтаар өөр хөтөлбөр сонгож болно. Энэ тохиолдолд тухайн сургуулиасаа чөлөөлөгдсөн захирлын тушаал гаргуулсан байхыг шаардана.

2.8. МИДСК-ын гишүүн сургуульд оюутан элсүүлэх, хөтөлбөр сонгуулахтай холбоотой бүх үйл ажиллагаа ил тод явагдана. Хэд хэдэн бүлгийн жагсаалт /хөтөлбөр/-д орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, хөтөлбөрийг сонгоно. Хэрэв элсэгч хөтөлбөрөө сонгож, томилолтоо авсан бол бусад бүлгийн жагсаалтаас хасагдана.

2.9. Хөтөлбөр сонгуулах босго хэмжээст оноо 400 буюу түүнээс дээш байх ба зарим их, дээд сургууль, коллежийн тусгайлан тогтоосон босго оноог бүртгэлийн хугацаанд сургууль, мэргэжлээр нь зарлана. Элсэгчид тухайн сургууль, хөтөлбөрийн харгалзах босго оноо, тэдгээрийг тооцох аргачлалтай сайтар танилцах үүрэгтэй.

2.10. Элсэгчдийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд дараах аргачлалаар онооны жагсаалтыг гаргана.
Үүнд:

a) анхны оноо (хоёр ерөнхий шалгалтын оноогоор  элсэж байгаа бол илүү ач холбогдол өгсөн хичээлийн хэмжээст оноо)
b) боловсролын үнэмлэх, дипломын дундаж оноо
c) ерөнхий шалгалт өгсөн хичээлийн боловсролын үнэмлэх, дипломын оноо
2.11. Элсэлтийн төв комиссоос тогтоосон хугацаанд аймаг, орон нутагт хөтөлбөр сонгуулах ажлыг салбар комисс зохион байгуулах ба тухайн аймаг, орон нутгийн элсэгчдийн хүсэлт, хяналтын тоо, бэлтгэл ажлын явцаас шалтгаалан салбар комисс ажиллах цагийн хуваарийг гаргаж мөрдөн ажиллана.
2. 12. Хөтөлбөр сонгох ажлыг нээлттэй, хүртээмжтэй нийтэд хүргэж, элсэгчдийн нэр, сонгосон сургууль, хөтөлбөрийг ил тод зарлана. Онооны дарааллаар хөтөлбөр сонгохоос татгалзах, түүнийг дараагийн элсэгчид шилжүүлэх зэрэг ажиллагааг ил тод мэдээлэх ба онлайн хэлбэрээр зохион байгуулна.

2.13. МИДСК-ын гишүүн сургууль, хөтөлбөрийг сонгосон эрхийн бичиг олгосны дараа өөр хөтөлбөр сонгохыг зөвшөөрөхгүй.

2.14. 2015 оны элсэгчдийн онооны жагсаалтанд 2013, 2014 оны Боловсролын үнэлгээний төвөөс олгосон батламжтай элсэгчдийг энэхүү журмын 2.5, 2.7 заалтын дагуу нэмж оруулна.

2.15. Хөтөлбөр сонгуулах ажиллагаа дууссаны дараа их, дээд сургууль, коллежийн үлдсэн хуваарийг дараагийн өдрийн 9.00 цагаас өөр аймагт шилжүүлэн оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулж болно.

а. Нэмэлт хөтөлбөр сонгуулах эрхийг орон нутгийн салбар комиссын тайлан, тухайн их, дээд сургуулийн хүсэлтийг үндэслэн   Элсэлтийн төв комисс олгоно.
б. Шилжүүлсэн хөтөлбөрийн тоог батлагдсан хяналтын тоонд багтааж нэмэлт хуваарь сонгуулах ажлыг орон нутгийн элсэлтийн салбар комисс зохион байгуулна.
Гурав. СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ

3.1. МИДСК-ын гишүүн сургуульд оюутан элсүүлэх болзлыг хангаж сургууль, хөтөлбөрөө сонгосон элсэгчдэд суралцах эрхийн бичиг олгоно.

3.2. Суралцах эрхийн бичгийг элсэлтийн бүртгэлийн систем програмаас хэвлэж олгох ба элсэгчээс Боловсролын үнэлгээний төвийн баталгаажилт бүхий батламж бичиг, бүрэн дунд боловсролын гэрчилгээг хураан авна.

3.3. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид тогтоосон хугацаанд элссэн сургуульдаа бүртгүүлснээр суралцах эрх нь нээгдэнэ.

3.4. Тогтоосон хугацаандаа элссэн сургуульдаа бүртгүүлээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзэн эрхийн бичгийг хүчингүйд тооцно.

Харилцах утас: 99097406,  99834994, 99102212, 99957907
Емайл: buyanzaya@muls.edu.mn; bayanzul@muls.edu.mn, batbaatar@mnums.edu.mn
Веб хуудас: www.cmuc.edu.mn
Facebook:     CMUC-МИДС Консорциум